“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирлууд

С.БОЛД-ЭРДЭНЭ

bolderdene@mininginsight.mn

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар анх удаа монгол хүн томилогдлоо. 2009 онд тус төслийн ХөОГ-г байгуулснаас хойш зургаа дахь Гүйцэтгэх захирал томилогдож буй нь энэ. Өнгөрсөн хугацаанд 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, жилд 500 хүртэл мянган тонн зэс үйлдвэрлэх боломжтой, дэлхийд эхний тавд орохуйц зэсийн уурхайг монгол мэргэжилтэн удирдахаар болж байгаа нь Монголын уул уурхайн түүхэнд содон үйл явдал төдийгүй хөгжлийн шинэ хуудсыг нээж байна гэж хэлж болох юм. “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хооронд ээлжит хэлэлцээр ид өрнөж буй үед, мөн тус компанийн том бүтээн байгуулалтууд шувтарч, тогтвортой үйлдвэрлэлд шилжиж байгаа цаг мөчид, нэмээд “Рио Тинто” компанид бүтцийн томоохон өөрчлөлт өрнөж эхлээд байгаа нэн сонирхолтой цаг үед шинэ Гүйцэтгэх захирал томилогдож байна. Магадгүй С.Мөнхсүхийн үед Оюутолгойд хамгийн том өөрчлөлт хийгдэж болох юм. Өөрчлөлт нь зөвхөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй бөгөөд Оюутолгойгоос Монгол Улс болон Рио Тинтогийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг хүндхэн сорилт дор С.Мөнхсүх ажлаа хүлээн авч байна. Түүх сөхвөл “Оюутолгой” компанийн үе үеийн Гүйцэтгэх захирлууд хүндхэн ачаа үүрч, амаргүй асуудлуудыг шийдвэрлэх даалгавартайгаар томилогдож байсан байдаг. Тэрхүү 2010 оноос хойших “Оюутолгой” компанийн үе үеийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон эрхмүүд цаг үедээ ямар өөрчлөлт хийж, ямар ажлуудыг “нугалж” байсныг тоймлон хүргэе.

КАМЕРОН МАКРЕЙ. 2010-2013

Камерон Макрэй 2010 оны 10 дугаар сард “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчөөр томилогдож байв. Тус компанийн түүхэнд төдийгүй “Рио Тинто”, Монголын харилцаанд түүний нэр хамгийн тодоор үлдсэн. Макрэйн томилогдсон хийгээд халагдсан шалтгаан нь маш сонирхолтой. “Рио”-гоос томилогдсон анхны Гүйцэтгэх захирлын хувьд Оюутолгой төслийн удирдлагыг “Айвенхоу Майнз”-аас шилжүүлж авах амаргүй үүрэг түүнд оногдсон. Австралид нүүрсний салбарт 20-иод жил ажилласан тэрээр “Оюутолгой”-н Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө Өмнөд Африкт Richards Bay Minerals компанид үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байв. Камерон Макрэй бол Оюутолгой төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтыг удирдсан Гүйцэтгэх захирал. Камерон Макрэй болон түүний удирдсан Рио Тинтогийн баг Оюутолгойн түүхэнд хамгийн өөдрөг үзэлтэй, хамгийн түрэмгий, дайчин чанартай байсан гэгддэг. Тэд ядуу буурай, эдийн засгийн хямралд орсон Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь өөрчлөхүйц нөлөө бүхий аварга төслийг хариуцаж байгаа гэдгээ маш сайн ойлгосон, маш том амбийцтай байсныг хамтрагчид нь одоо ч хэлдэг. Түүний ч хүчинд ердөө 3 жилийн хугацаанд эзэнгүй шахуу говьд дэлхийн 50 гаруй улсын 20 гаруй мянган мэргэжилтнүүдээр ил уурхай, баяжуулах үйлдвэр гээд нүсэр бүтээн байгуулалтыг алдаа мадаггүй хийж гүйцэтгүүлсэн нь түүний гавьяа. Богино хугацаанд, чанартай бүтээн байгуулалт хийх нь хэзээ ч хямд төсөр байдаггүй “хуулийн” дагуу маш их мөнгө “үрсэн”, анхны хөрөнгө оруулалтыг хэтрүүлсэн “ял” ч түүнд хамаарна. Оюутолгойн бүтээн байгуулалтын эхний үе шат ид өрнөж байх үед орон нутгийн захиргаа, нутгийн иргэдтэй ойлголцох, сайн харилцаатай байх нь юу юунаас илүү чухал байв. Макрэй ч үүнийг сайн мэддэг байсан болохоор говийн айлуудаар хонон өнжин хамгийн их уулзалт хийж явсан Гүйцэтгэх захирал хэмээн оюутолгойчууд хэлдэг. Залуу насандаа Папуа Шинэ Гвиней улсад Риогийн эзэмшдэг Bougainville уурхайд ажиллаж байхдаа нутгийн иргэдтэй зөрчилдөж, бүр буудуулж хүртэл үзсэн болохоор орон нутгийн иргэдийг ойлгож, дэмжих ёстой гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон нь үг хэл, үйлдлүүдээр нь илэрдэг байсныг оюутолгойчууд одоо ч дурсдаг. Макрэй 2013 оны 8 дугаар сард гэнэт халагдсан. Ердөө 8 сарын өмнө баяжуулах үйлдвэрээ хүлээн авч, нэг сарын өмнө анхны зэсийн баяжмалаа экспортолсон гээд том гавьяатай явсан Гүйцэтгэх захирлын гэнэт халагдсан шалтгаан тун сонирхолтой. Макрэй Оюутолгойн бүтээн байгуулалтыг хариуцахаас гадна Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн харилцаа, “Рио Тинто”-гийн Монголтой харилцах харилцааг хариуцдаг байсан. Түүнийг явуулсан хүн нь “Рио Тинто”-гийн Зэсийн группын шинэ захирал Жан Себастьян Жак байсан юм. 2013 оны 2 дугаар сард Зэсийн группын олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөс группын Гүйцэтгэх захирал болж дэвшсэн Ж.С.Жак Оюутолгойг хариуцах болж, улмаар гүний уурхайн нэмэлт санхүүжилт болох 4.2 тэрбум ам.долларын төслийн зээлийг Монголын Засгийн газраар дэмжүүлэхэд анхаарч эхэлсэн. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар энэ бүхнийг дэмжээгүйгээс “Рио Тинто” гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоож байсан билээ. Гүний уурхайг зогсоох тухай мэдэгдэл болон Макрэйг чөлөөлсөн тухай мэдээлэл нэг л өдрийн зөрүүтэй цацагдаж байв. Түүнийг гэрээний хугацаа дууссан гэдэг шалтгаанаар, нэмээд хамт ажилладаг хүнтэйгээ хамтран амьдардаг гэх шалтгаар халсан гэдэг ч группын захирал Ж.С.Жактай түнжин муудсанаас болж халагдсан гэдэг нь илүү ортой байж мэдэх юм. Үүнээс хойш Макрэй Монголын хүргэн болж, Монголд ажилласаар байгаа билээ

КРЭЙГ КИННЕЛЬ. 2013.09-2014.09 

Камерон Макрэйг чөлөөлсний дараа богино хугацаанд Крэйг Киннелийг “Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилж байв. Киннель Риогийн Зэсийн группын арилжаа, маркетинг хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байгаад “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Түүний хувьд ердөө жилийн хугацаанд уг албанд байсан бөгөөд анхнаасаа удаан хугацаанд ажиллана гэсэн төлөвлөгөөгүй байсан гэдэг. Учир нь Макрэйг ажлаас чөлөөлсний дараа тохирох Гүйцэтгэх захирлыг хайх хугацаанд түүнийг түр хугацаагаар томилсон хэмээн яригдаж байв. Киннель их сургуулиа төгссөнөөс хойш “Рио Тинто”-д ажиллаж ирсэн, “уугуул” ажилтан. Ураны салбар болон төмөр, титаны салбарын дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг хашиж байсан, хөгжиж буй орнуудын эдийн засгийн онцлогийн талаар өргөн мэдлэг, туршлагатай нэгэн хэмээн түүнийг томилоход онцолж байжээ. Киннелийг ирэх үед Оюутолгой бүтээн байгуулалтын үе шатаас ил уурхайн үйлдвэрлэлийн үе шат руу шилжиж байлаа. Зэсийн группын маркетинг, борлуулалтыг хариуцаж байсны хувьд Оюутолгойн зэсийн баяжмалыг борлуулах, урт хугацааны найдвартай худалдан авагчтай болгох ажлыг тэрбээр хариуцаж байв. Киннель Оюутолгойн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, үйл ажиллагаа явуулахад нийгмийн дэмжлэг авах болон бизнесийн цаашдын өсөлтийг хангахад чиглэсэн бэлтгэл ажлуудыг хийнэ хэмээн мэдэгдэж байв. Оюутолгойчуудын хувьд Киннель “Цомхотголын захирал” гэдэг нэр зүүсэн. Учир нь гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоосноор хэдэн зуун гэрээт компаниудын гэрээг цуцлах, хэдэн мянган ажилтныг цомхотгох нь түүний бараг үндсэн үүрэг байсан юм. Ердөө жилийн дараа Киннель хувийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэвч тэрбээр Оюутолгойгоос бүрмөсөн яваагүй бөгөөд Риогийн Зэсийн группын Бизнес, хөгжил хариуцсан захирлаар дэвшсэн. Уг албан тушаал дээр байхдаа гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлуулах Засгийн газартай хийх хэлэлцээрт Риогийн багийн ахлагчаар ажиллаж, “Дубайн гэрээ”-г байгуулахад голлох үүрэгтэй оролцож байв. 

ЭНДРЬЮ ВҮҮДЛЭЙ. 2014.09-2016.10

Эндрью Вүүдлэй 2014 оны есдүгээр сард “Оюутолгой”-н Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Оюутолгойн Гүйцэтгэх захирлуудыг уг нь 3 жилийн хугацаатай гэрээгээр сонгон томилдог хэдий ч Вүүдлэй хугацаагаа дуусгаагүй явсан хоёр дахь Гүйцэтгэх захирал. Тэрбээр “Рио Тинто”-гийн нүүрсний бизнесээс Оюутолгой руу шилжсэн. “Рио Тинто”-д 18 жил ажилласан, “Рио Тинто Коул Мозамбик” компанийн Гүйцэтгэх захирал болон Рио Тинтогийн Мозамбик улсыг хариуцсан захирал байсан. 2010-аад онд дэлхийн уул уурхайн салбарт гурван М гэсэн нэршил тод сонстох болсны нэг нь Мозамбик улс. Гүйцэтгэх захирал асан Том Албанезын үед Рио Тинто тус улсад коксжих нүүрсний маш том орд худалдаж авсан. Гэвч ордын нөөц тийм ч сайн байгаагүйн зэрэгцээ бас бус асуудлуудад орооцолдон улмаар Том Албанез халагдаж, Рио Тинто ч Мозамбик улсаас гарсан түүхтэй. Эндрью Вүүдлэйн хувьд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай эхлүүлсэн гавьяатай. 2015 онд Дубайн гэрээ байгуулагдаж, мөн оны 12 дугаар сард “Оюутолгой” компани олон улсын 15 банкнаас 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт татсан. Улмаар 2016 оноос гүний уурхайн бүтээн байгуулалт дахин эхэлсэн байдаг. Тухайн үедээ 4.2 тэрбум доллар босгосон нь түүхий эдийн үнэ уналттай үед уул уурхайн төсөл дээр босгосон хамгийн том санхүүжилт болж байв. Үүнээс гадна Эндрью Вүүдлэй “Оюутолгой” компанийн алсын хараа, үнэт зүйлийг шинээр тодорхойлсон. “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” гэсэн өргөн агуулга бүхий уриаг дэвшүүлсэн нь Вүүдлэй. Түүнийг хамгийн яриасаг, хамгийн нээлттэй байсан Гүйцэтгэх захирал хэмээн оюутолгойчууд одоо ч ярьдаг. Эндрью Вүүдлэй 2016 оны 10 дугаар сард мөн л гэрээний хугацаагаа дуусахаас 10 сарын өмнө ажлаа хүлээлгэсэн өгсөн. Энэ нь 2016 оны зун “Рио Тинто”-гийн удирдлагын багт томоохон өөрчлөлт орсонтой холбоотой байж мэднэ. 2016 оны 7 дугаар сард Зэсийн группийн ахирал Жан Себастьян Жак “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирлаар дэвшиж, Зэсийн гурппын захирлаар Арнауд Суарат томилогдож байв. Вүүдлэй ажлаа өгөөд дэлхийн алтны хамгийн том компаниудын нэг болох Newmont-ын Хойд Америкийг хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Алтны үйлдвэрлэлээр тэргүүлэгч хоёр ч том гүний уурхайн үйл ажиллагааг хариуцах болсон гэсэн үг. 

АРМАНДО ТОРРЕС. 2016-2022

Армандо Торрес хөнгөн цагааны салбараас Оюутолгойд ирсэн. Рио Тинто Алканы Үйл ажиллагаа хариуцсан захирал байсан тэрбээр 2016 оны долоодугаар сард “Рио Тинто”-гийн гүйцэтгэх удирдлагын баг өөрчлөгдсөний дараа буюу наймдугаар сард “Рио Тинто” дахь Оюутолгойг хариуцсан захирал, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдож, улмаар 2017 оны тавдугаар сард Гүйцэтгэх захирал болов. Хөнгөн цагааны группийн захирал байсан Арнауд Суарат түүнийг “авчирсан” гэхэд болно. Армандо Торресоос эхлэн “Оюутолгой”-н Гүйцэтгэх захирлыг 5 жилийн хугацаатай томилох болсон. Бүтээн байгуулалт, үйл ажиллагааны онцлог гэх мэтээс хамааран Гүйцэтгэх захирлуудад хангалттай сайн ажил хийх хугацааг олгосон хэрэг юм. Мөн Ерөнхийлөгч гэсэн албан тушаалгүйгээр зөвхөн Гүйцэтгэх захирлыг хаших болсон нь “Рио Тинто” нь Монгол Улсыг хариуцсан “Рио Тинто Монгол” компанийг байгуулж, Засгийн газартай харилцах хувь нийлүүлэгчдийн харилцааг “Оюутолгой” компаниас салгасантай холбоотой. Армандо бол хөнгөн цагааны уурхай болон баяжуулах, хайлуулах үйлдвэрүүдийн цогцолборыг удирдаж байсан туршлагынхаа хүрээнд Оюутолгойн үйл ажиллагаануудыг нэгтгэх ажлыг чадмаг хийсэн гэдэг. Ил уурхай, гүний уурхай тус тусдаа бие даасан үйл ажиллагаатай байсныг нэгтгэж, улмаар түүнд тохирсон бизнесийн загварыг бий болгож, Оюутолгойн бизнес загварыг оновчлон зүгшрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусган анхны олборлолтоо эхлүүлсэн гавьяа яалт ч үгүй Армандод хамаарна. Тэрбээр гүний уурхай хариуцсан захирлаар Марко Пиресийг томилж, үндсэндээ Бразил улсын хоёр мэргэжилтэн Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн юм. Түүний үед Оюутолгойн хувь нийлүүлэгч талууд хоёр ч удаа хэлэлцээр хийсэн. 2018 онд Риогийн Оюутолгойд өгсөн зээлийн хүү болон Монголын Засгийн газарт өгсөн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр эхэлсэн ч талууд үл ойлголцсоноор барахгүй бүр “дайсагнах” хэмжээнд хүрч байсан удаа бий. Гэсэн ч 2020 онд Зэсийн группийн захирал Арнауд Суаратыг Б.Болдоор сольсноор 2021 онд хувь нийлүүлэгч талууд хэлэлцээрт хүрч, Засгийн газарт оногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг тэглэсэн билээ. Армандо Торрес оюутолгойчуудыг сурган бэлтгэх, үндэсний ханган нийлүүлэгчдийн сүлжээг өргөтгөн чадавхжуулахад гол үүргийг гүйцэтгэсэн гэгддэг. Гэсэн ч үүнийг дагасан гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн, хугацаа хойшилсон гээд чамгүй олон асуудлууд түүнтэй холбогдоно. Нөгөө талдаа Засгийн газартай харилцах харилцаа нь сайн биш байсан гэсэн шүүмжлэл ч түүнийг дагалддаг. Оюутолгойн ажлаа хүлээлгэн өгсний дараа Армандо “Рио”-гийн Хөнгөн цагааны группийн Ази, Номхон далайн бүсийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар дэвшиж, өдгөө ч уг албаа үргэлжлүүлж байна.

ДЭЙРДРЭ ЛИНГЭНФЭЛДЕР. 2022-2025

Дэйрдрэ Лингэнфэлдер бол Оюутолгой компанийн анхны эмэгтэй Гүйцэтгэх захирал. 2017 онд Зэсийн группын Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин болон орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар “Рио Тинто”-д анх нэгдэж байжээ. 2021 онд Зэсийн группын Гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Болд Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурцадмал асуудлыг шийдвэрлэхийн тулд Монголд хэд хэдэн томилгоо хийсний нэг нь Дэйрдрэ байсан юм. Армандо Торресын оронд томилох шинэ захирлын сонгон шалгаруулалтад тэрбээр торолгүй шалгарсан. Анхны эмэгтэй захирал гэдгээрээ хувь нийлүүлэгчдийн үл ойлголцлыг бууруулах, Оюутолгой төслийн оролцогч талуудын итгэлцлийг нэмэгдүүлэхэд Дэйрдрэгийн оруулсан хувь нэмэртэй маргах аргагүй. Нөгөө талаар 10 гаруй жилийн турш үргэлжилсэн нүсэр бүтээн байгуулалтууд шувтрахын хэрээр байгаль орчин, орон нутгийн хөгжил гээд компанийн тогтвортой үйл ажиллагааг бий болгох нь Оюутолгойн зорилт байлаа. Тиймээс ч “Оюутолгой” компанийн толгойд инженер хүн биш тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, дараагийн шатанд удирдах мэргэжилтэн шаардлагатай байсан учир ESG чиглэлийн мэргэшсэн удирдагчийн хувьд Дэйрдрэ Лингэнфэлдер хамгийн тохирсон Гүйцэтгэх захирал байв. Өмнөд Африк улсын иргэн, Ботсвана зэрэг Африкийн улсуудад олон жил ажилласан туршлага нь Оюутолгойг хөгжлийн дараагийн шатанд гарахад тусална хэмээн үзсэн хэрэг. Дэйрдрэ “Оюутолгой” компанийн гүний уурхайн үйл ажиллагааг жигдрүүлэх, Ханбогдын стратеги, түншлэл, хамтын ажиллагаа, хамтын урт хугацааны үнэ цэнийг бүтээх гээд томоохон зорилтууд тавьсан. Мөн Оюутолгой дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн амбицтай зорилго нь ч ихээхэн үр дүнгээ өгсөн. Түүнийг ирэхэд нийт ажилтны 18 хувийг эзэлж байсан Оюутолгойн эмэгтэй ажилтнуудын тоо түүнийг ажлаа өгөхөд 24 хувь болж өссөн байдаг. Тэрбээр 5 жилийн гэрээтэй томилогдсон ч мөн л хугацаагаа дуусгалгүй Оюутолгойг өөрийн хүсэлтээр орхихоор болсон. Үүнийг “Рио Тинто”- гийн Гүйцэтгэх захирал болон удирдлагын баг өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлахад цаг хугацааны хувьд тохирч байна. Дэйрдрэ одоо дэлхийн хамгийн том зэс олборлогч Чили улсад томоохон зэсийн уурхайнуудыг хариуцан ажиллахаар болсон. Чилид жилдээ 1.4 сая тонн хүртэл зэс олборлодог гурван ч том зэсийн уурхайг хариуцах аж.

С.МӨНХСҮХ – ТҮҮНИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

Оюутолгойн анхны монгол захирал гэдгээрээ онцгой томилгоо. “Оюутолгой” компанийн ТУЗ-ийг 15 жил даргалаад тэтгэвэртээ суусан Г.Батсүхээс хойш тус компанийн Гүйцэтгэх захирлаар монгол хүн томилох талаарх том яриа “жижиг тойрог” дотор гарсан юм билээ. Хамгийн тохирох нэр дэвшигч нь С.Мөнхсүх байсан. Гэхдээ өмнөх Гүйцэтгэх захирлуудын томилгоог харж байхад Оюутолгойн гүйцэтгэх захирлыг наанадаж Зэсийн группын захирал, цаашлаад “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирлын оролцоогүйгээр томилж, чөлөөлдөггүй нь тодорхой юм. Нэмээд “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал солигдсон. Тиймээс ч энэ удаагийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт өмнөх тохиолдлуудтай харьцуулахад ихээхэн хугацаа шаардсан, сунжирсан, тэр хэрээр өрсөлдөөнтэй байсан гэхэд болно. Ямар ч байсан Зэсийн группийн захирлаар томилогдоод жил гаруй болу байгаа Кэйти Жексон Оюутолгойг монгол захиралд хариуцуулав. С.Мөнхсүх бүтээн байгуулалт нь бүрэн дуусаж, үйлдвэрлэл нь огцом өсөж буй “Оюутолгой” компанийг хүлээн авч байна. Түүний үед Оюутолгой дэлхийн топ 5 зэсийн уурхайн нэг болж томрох болно. Тэр хэрээр үүрэх хариуцлага нь ч томорно. Гэхдээ зарим нэг онцлог бий. Өмнөх захирлуудын адил хөрөнгө оруулалтын зардал хэтрүүлсэн бүтээн байгуулалтын “ял” түүнд ирэхгүй. Харин үйл ажиллагааны зардлыг багасгаж, ашигт ажиллагааг нэмэх замаар хувь нийлүүлэгчдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүндхэн үүрэг түүнд оногдож буй. “Рио”-гийн шинэ Гүйцэтгэх захирлын баримталж буй зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтыг оновчилж, илүү үр ашигтай ажиллах бодлогод нийцүүлэх ёстой гэсэн үг. Үүнийг Монголын Засгийн газар ч хүсэж байгаа. Яг эндээс “Оюутолгой” компани хэзээ Монгол Улсад ногдол ашгаа өгөх вэ гэдэг асуулт С.Мөнхсүхийг цаг үргэлж дагах болно. Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалтдаа ашигласан 10 гаруй тэрбум ам.долларын төслийн болон хувь нийлүүлэгчдийн зээлийг төлж барагдуулахаас эхлээд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах гээд үйлдвэрлэсэн кг зэс болгоныг илүү үр өгөөжтэй болгох нь түүний үүрэг юм. Нэмээд монгол хүн, монгол захирал гэдэг утгаараа “Рио Тинто” болон Монголын Засгийн газар хоорондын харилцаанд аль нэг талыг баримтлахгүйгээр дундын гол зуучлагч, “орчуулагч”-ийн ажлыг ч С.Мөнхсүх хийх хэрэгтэй болно. Харин “Оюутолгой” компанийн хувьд технологийн хөгжил, инновац дээр суурилан хөгжлийн шинэ шатанд гаргах зорилттой гэдгээ С.Мөнхсүх илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” нь технологи, инновацийг импортолдог, худалдан авдаг байсан бол үүнээс хойш өөрсдөө бий болгодог, хөгжүүлдэг, түүнийгээ олон улсад гаргадаг “Оюутолгой” болгохыг зорих аж. Үүнээс гадна Оюутолгойн үр өгөөжийн илэрхийлэл болсон Ханбогд сумын хөгжил, бүтээн байгуулалтад ч ихээхэн анхаарах нь дамжиггүй.

Майнинг Инсайт сэтгүүл, Арваннэгдүгээр сар, 2025 №11 (048)