Boroo Investments-ийн орлого II улиралд 50%-иар өсөв

Boroo Investments Pte. Ltd.-ийн 2026 оны хоёрдугаар улирлын орлого өмнөх улирлаас 50 хувиар өсөж, 207.3 сая ам.долларт хүрчээ. Үүнд борлуулсан алтны хэмжээ 67 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Тус компани 2026 оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд 45.5 мянган унц алт борлуулсан нь нэгдүгээр улирлын 27.3 мянган унцаас 67 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин алтны борлуулсан алтны дундаж үнэ унц тутамд 4,435 ам.доллар болж, өмнөх улирлаас 8 хувиар буурчээ.

Алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 13 хувиар нэмэгдэж, 38.6 мянган унцад хүрсэн байна.

Нэг унц алтны үйлдвэрлэлийн зардал 6 хувиар өсөж, 2,284 ам.доллар болсон. Үүнд ил уурхайн олборлолтыг эрчимжүүлсэн болон түлш, хүдэр боловсруулахад ашигладаг бодисын зардал нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

Мөн компанийн цэвэр өр 2026 оны гуравдугаар сарын эцсийн 84.9 сая ам.доллароос зургаадугаар сарын эцэст 22.8 сая ам.доллар болж буурсан байна.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн “Хоёрдугаар улиралд 35.2 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллалаа. Борлуулсан алтны хэмжээ 45.5 мянган унцад хүрч нэмэгдсэнээр алтны дундаж үнэ 8 хувиар буурсан ч орлого өмнөх улирлаас 50 хувиар өссөн. Борлуулсан алтны хэмжээ нэмэгдсэнээр компанийн үйл ажиллагааны мөнгөн урсгал 101.5 сая ам.доллар, чөлөөт мөнгөн урсгал 88.9 сая ам.долларт хүрсэн” гэв.