Литийн үнэ огцом өссөн 2022 онд анхны олборлолтыг эхлүүлсэн Финнисс уурхай зах зээлийн уналтын улмаас 2024 онд зогссон. Харин Core Lithium компани 2026 оны тавдугаар сард олборлолтоо сэргээж, шинээр үйлдвэрлэсэн сподумены баяжмалын анхны экспортыг 2026 оны дөрөвдүгээр улиралд хийхээр төлөвлөж байна.
Үүнээс гадна Mineral Resources компани Баруун Австралийн Балд Хилл литийн уурхайг 18 орчим сарын завсарлагааны дараа дахин ажиллуулж эхэлжээ. Тус уурхай литийн зах зээлийн таагүй нөхцөлөөс шалтгаалан 2024 оны арваннэгдүгээр сард үйл ажиллагаагаа зогсоосон юм.
Гэвч уурхайнууд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэн нь нийлүүлэлт дахин нэмэгдэх хүлээлтийг бий болгож байна. Өнгөрсөн долоодугаар сард Гуанжоугийн фьючерсийн биржид литийн карбонатын хамгийн идэвхтэй гэрээний үнэ тонн тутамд 136,800 юань буюу 20.2 мянган ам.доллар хүрч, таван сарын доод түвшинд очсон. 2027 онд нийлүүлэлт эрэлтээс давж болзошгүй гэсэн хүлээлт үнийн уналтад голлон нөлөөлжээ.
Нөгөө талаар АНУ литийг стратегийн нөөцөд хуримтлуулах бодлогыг хэрэгжүүлж байна. АНУ-ын Батлан хамгаалах логистикийн агентлаг нөөцөд зориулан таван жилийн хугацаанд 16 мянга гаруй тонн батарейн зориулалттай литийн карбонат худалдан авах тендер зарласан бөгөөд гэрээний дээд үнийн дүн 300 сая ам.доллар байна.




















