Байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) чиглэлээр манай уул уурхайн компаниуд тайлан гаргаж, нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Харин чухал ашигт малтмалын салбарт БОНЗ-ын стандарт, зарчмыг хэрхэн нэгдсэн түвшинд хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай болж байгааг Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг онцоллоо. Тэрбээр НҮБ болон олон улсын байгууллагуудын шаардлага, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, эрх зүйн зохицуулалтыг хөрсөнд буулгаж, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал байгааг нээлтийн үгэндээ дурдсан юм.
Өнөөдөр (2026.10.07) Нээлттэй нийгэм форумаас “Чухал ашигт малтмал ба байгаль орчин, нийгэм, засаглалын форум: Талуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь” сэдэвт хурлыг зохион байгуулж байна.
Нээлтийн илтгэлийг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь тавьсан. Тэрбээр уул уурхайн баялаг ихтэй орнууд чухал ашигт малтмалыг шинэ боломж, эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад харилцаагаа шат ахиулах, шинэ хөрөнгө оруулалт, техник технологи татах боломж гэж харж байна. Үүнээс гадна уул уурхайн салбарт өмнө гаргасан алдаагаа давтахгүй байх, чухал ашигт малтмалын олборлолт нэмэгдсэнээр "баялгийн хараал"-ын бодит эрсдэл тэр хэмжээгээр нэмэгдэж болзошгүй, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү шилжих зорилго тавьж байгааг дурдсан.
Мөн Монгол Улсад чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх улс төрийн болон бодлогын үндэс суурь бүрдсэн ч цаашдын гол сорилт нь институцийн чадавх, бодлогын хэрэгжилтийг тойрч байгааг онцолсон юм.
Панел хэлэлцүүлгийн үеэр Күинсландын Их Сургуулийн ахлах судлаач Д.Бямбажав хэлэхдээ, "Уул уурхайн салбар дахь талуудын харилцааны асуудал бусад хүндрэл ихтэй улсуудтай харьцуулахад Монголд шийдвэрлэх боломжтой. Талууд хамтдаа сууж, эхлээд малчдын эрхийг хүндэтгэх хэрэгтэй байна. Үүний дараа оролцоо, үр өгөөжийн асуудал яригдана" гэлээ. Тэрбээр өмнө нь явж ирсэн орон нутгийн иргэдтэй ойлголцох хэлбэр, агуулгыг цаашид сайжруулах шаардлагатайг тэмдэглэв.
МУУҮА-ийн Зөвлөлийн дарга З.Ган-Очир Монголын уул уурхайн салбар Төв Азийн бүс нутагтай харьцуулахад сорилт, бэрхшээлийг даван туулсан учраас давуу талтайг онцолсон. Түүний хэлснээр уул уурхайн салбарын хууль тогтоомжид олон өөрчлөлт хийгдсэн гэдэг нь суралцаж буйн илрэл. Манай уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчин бол хөрөнгө оруулалт татах, хайгуулын зохицуулалтаас хальж, байгаль орчин, тогтвортой хамтын ажиллагааг хамрах болсон тул бүс нутагтаа БОНЗ-ыг хэрэгжүүлэх суурь харьцангуй сайн бүрдсэн гэж үзэж байгааг хэлсэн. Мөн иргэд уул уурхайн салбарын тухай мэдээлэл олж авахдаа хариуцлагатай хандахыг уриалав.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Төрийн алба намаар дүүрч байна. Орон нутагт уул уурхай үйл ажиллагаа явуулах гэхэд намынхан шийдвэр гаргадаг. Ингэхээр чухал ашигт малтмал гэлтгүй ашигт малтмалын үйл ажиллагаа, БОНЗ зэрэг бусад ажлууд саатаж байна. Иймээс намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгох, нам цомхон бүтэцтэй болох шаардлагатай" гэв.
Хэлэлцүүлэг үдээс хойш "БОНЗ-ын олон улсын стандартыг хэрэгжүүлэх нь" сэдвээр үргэлжилж, өнөөдөр 17:00 цагт өндөрлөнө.





















