Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийн 25 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй арга хэмжээний үеэр “Бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх тухай” Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.
Монгол Улсын Засгийн газар 2026 онд КАРЕК-ийг даргалж байгаа бөгөөд 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээ, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг цуврал арга хэмжээ Улаанбаатарт зохион байгуулагдаж байна.
Эдгээр арга хэмжээний үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр-логистик, эрчим хүч, аялал жуулчлал, чухал ашигт малтмал, дижитал хөгжил, санхүү болон хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв арга хэмжээнд оролцож, аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар дахь эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, аж үйлдвэрийн уялдаа холбоог нэмэгдүүлэх чиглэлээр бүс нутгийн төлөөлөгчидтэй санал солилцжээ.
КАРЕК-ийн хөтөлбөр 2001 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 25 жилийн хугацаанд бүс нутгийн 300 төсөлд нийт 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Монгол Улс 2003 онд КАРЕК-т нэгдсэнээс хойш тээвэр, авто зам, хил, боомт, худалдаа, логистикийн чиглэлийн 19 төсөлд 1.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт татсан аж.
Эх сурвалж: АҮЭБЯ, ЭЗХЯ




















