БНХАУ-д коксжих нүүрсний үнэ буурав

БНХАУ-ын муж, өөртөө засах орнуудын коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ 2026 оны есдүгээр сарын 28-ны байдлаар 1780 юаньд хүрч, өнгөрсөн есдүгээр сарын 14-ний өдөртэй харьцуулахад 1.6 хувиар буурсныг Sxcoal сайт мэдээллээ.

Хятадын бүс нутгуудаас аравд нь үнэ өөрчлөгдөөгүй бол найман бүсэд буурч, гурван бүсэд өсжээ. Үнийн хамгийн өндөр бууралт Өвөр Монголд тонн тутмын үнэ 2309.48 юаниас 2059.87 юань болж, 10.8 хувиар буурсан байна. Шаньсид 1945 юаниас 1820 юань буюу 6.4 хувиар, Шэньсид 1648.26 юаниас 1543.57 юань буюу 6.4 орчим хувиар тус тус буурчээ.

Харин Гуйжоуд коксжих нүүрсний үнэ 1.8 хувиар өсөж тонн тутамд 1883.83 юань болсон бол Хүнаньд 4.5 хувиар нэмэгдэж, 1103.54 юаньд хүрсэн байна. Шинжаан, Хар Мөрөн, Жилинь, Ниншя, Хөх нуур, Аньхуй, Сычуань, Чунчин, Юньнань, Жянши, Жянсү зэрэг бүсэд үнэ үндсэндээ өөрчлөгдөөгүй байна.

Өнгөрсөн тавдугаар сард Шаньси мужийн Люшэньюй гүний уурхайд осол гарсны дараа БНХАУ даяар уурхайн хяналт, шалгалтыг чангатгасан нь коксжих нүүрсний нийлүүлэлтийг хязгаарлаж, үнэ өсөхөд нөлөөлсөн. Харин есдүгээр сарын дундуур Хятадын засаг захиргаа жилийн олборлолтын квотоо дуусгасан уурхайнуудад бага хэмжээгээр нүүрс олборлох зөвшөөрөл олгосон. Мөн гангийн эрэлт буурч, 10 дугаар сарын эхэнд тохиох Үндэсний их баяр наадмын амралтын өмнө гангийн болон коксын үйлдвэр худалдан авалтаа бууруулсан нь үнэ сулрахад нөлөөлсөн байна.