Стратегийн орд гэсэн ойлголт ерөнхий хэвээр байна

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний, эсхүл тухайн жилд дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн орд гэнэ" гэж тусгасан. Хуулийн төсөлд стратегийн ордын тодорхойлолтыг шинэчлэн тусгасан ч уг өөрчлөлт нь тодорхойлолтын субьектив шинжийг арилгахад хангалтгүй гэж Питер Томпсон үзэж байна.

Өнөөдөр (2026.09.25) Австралийн худалдааны танхимаас "Ашигт малтмалын татвар болон тусгай зөвшөөрөл лиценз шилжүүлэх: Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд үзүүлэх нөлөөлөл" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Австралийн Худалдааны танхимын Бизнес хөгжлийн хорооны дарга, "Баян Айраг Эксплорэйшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Питер Томпсон үргэлжлүүлэн хэлэхдээ, АМтХ-ийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан тохиолдолд зэсийн баяжмалд ногдуулах АМНАТ 20-оос 10 хувь болж буурахаар байна. Тухайлбал, Эрдэнэтийн төлж буй татвар 432 сая ам.доллар байсан бол 216 сая ам.доллар болж буурах бол цаашид ашиглахаар төлөвлөж байгаа Цагаансуварга, Хармагтайн төслүүд ашигтай ажиллах боломжтой байна. Харин Оюутолгойн АМНАТ-ын хувь хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 5 хувь хэвээр байх бөгөөд түүний танилцуулсан тооцоогоор 360 сая ам.долларын төлбөр ногдохоор байгааг тэрбээр хэлэв.

Мөн Эрдэнэтийг түшиглэсэн зэс боловсруулах үйлдвэр нь зөвхөн тус үйлдвэрийн үйлдвэрлэсэн зэсийн баяжмал боловсруулах хүчин чадалтай байна. Ингэснээр шинэ үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд тээврийн зардалд 40 сая ам.долларыг хэмнэх боловч АМНАТ-ийн орлого 216 сая ам.доллароор буурах тооцоотой байна.

Олон улсад тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан, зах зээлд суурилсан, орлогод суурилсан аргаар тодорхойлж байна. Монгол Улсад хамгийн өндөр татвар ногдуулдаг орлогод суурилсан аргыг хэрэглэж байна. Үүний үр дүнд тусгай зөвшөөрөл худалдагчид тусгай зөвшөөрлийг бодитоор борлуулсан үнийн дүнгээс бус, харин тусгай зөвшөөрлөөс ирээдүйд олох орлогод үндэслэн татвар ногдуулдаг гэдгийг Монгол дахь Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ийн гишүүн, "Эрдэнэжас" ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Гантболор онцоллоо.