Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувиар өсөх төлөвтэй байна. Харин инфляц 2026 онд 10.7 хувь, 2027 онд 8.3 хувь байх шинэчилсэн төсөөллийг Азийн хөгжлийн банк өнөөдөр (2026.09.23) танилцууллаа. Мах, түлш шатахууны үнэ болон үйлчилгээний төлбөрийн өсөлт инфляцыг өндөр түвшинд хадгалах гол хүчин зүйл болж байна.
Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөн хэвээр байгаа ч уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байна. Уул уурхайн орлогыг урт хугацаанд үр өгөөж өгөх хөрөнгө бий болгоход зарцуулахын зэрэгцээ эдийн засгийг төрөлжүүлж, ирээдүйд учирч болзошгүй цочролыг даван туулах чадварыг бэхжүүлэх нь тулгамдсан сорилт хэвээр байгааг АХБ онцолжээ.
Мөн татварын хөнгөлөлт болон тэтгэврийн шинэчлэл өрхийн хэрэглээг нэмэгдүүлэхээр байна.
Хормузын хоолойгоор хийх газрын тосны тээвэр саатсан хэвээр байгаа нь Брент маркийн газрын тосны үнийг есдүгээр сард баррель нь 100 ам.доллароос дээш түвшинд хадгалахад нөлөөлж байна. Түүхий газрын тос болон боловсруулсан бүтээгдэхүүний үнийн зөрүү долоодугаар сараас хойш дахин нэмэгдсэнээр бензин, дизель болон онгоцны түлшний үнэ түүхий газрын тосноос илүү хурдацтай өсжээ. АХБ бүс нутгийн эрчим хүчний хямрал түүхий газрын тосноос боловсруулсан бүтээгдэхүүн болон тээврийн сүлжээнд тархсаныг есдүгээр сарын шинэ тайлангийнхаа гол асуудлын нэг болгож байна.





















