2027 оны төсвийн зарлагыг ₮43.6 их наядаар төлөвлөжээ

Сангийн сайд З.Мэндсайхан УИХ-д өргөн барьсан 2027 оны улсын төсвийн төслийн талаар сэтгүүлчдэд өнөөдөр (2026.09.11) мэдээлэл өглөө. 

Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, нийт зарлагыг 43.6 их наяд төгрөгөөр төлөвлөжээ. Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэхээр байна. Мөн төрийн өмчит компаниудын ногдол ашгаас 3.5 их наяд, Оюутолгойн орлогоос 3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Уул уурхайн салбарын өгөөжийг орон нутагт илүү хуваарилах хүрээнд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хөрөнгийг 2027 онд 587.8 тэрбум төгрөгт хүргэхээр төсөлд тусгасан байна. Энэ нь 2026 оныхоос 146.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэж өндөр тооцсон нь АМтХ-ийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан тохиолдолд уул уурхайн салбараас орон нутагт үлдэх өгөөж нэмэгдэхээр тооцсонтой холбоотой. Мөн сангийн хөрөнгийн 50 хувийг орон нутгийн иргэдийн саналаар дэмжигдсэн хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ.

Уул уурхайн экспортын дэд бүтцийг нэмэгдүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмодын 32.6 км хил холболтын төмөр замын төсөл болон боомтын зам, тоног төхөөрөмж, эрчим хүчний дэд бүтцийн төслүүдийг үргэлжлүүлнэ. Боомт, логистикийн чиглэлд нийт 32 төсөл хэрэгжүүлэх бөгөөд 2027 онд 464 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр тооцсон байна.

2027 онд төвлөрөх Оюутолгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдийн санал асуулгаар шийднэ. Хэрэв бүтээн байгуулалтад зарцуулахыг иргэд дэмжвэл боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, үйлдвэрлэл, авто зам зэрэг салбарын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын УИХ-д өргөн барьсан 2027 оны төсвийн төсөлд Монгол Улсын нийт экспорт 20.3 тэрбум ам.долларт хүрч, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт өмнөх оноос 8 орчим хувиар өснө гэж төсөөлсөн. Ирэх онд 110 сая тонн нүүрс, 2.1 сая тонн зэсийн баяжмал, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 3.7 сая баррель газрын тос экспортлохоор тооцсон. Харин нүүрсний хилийн дундаж үнийг тонн тутамд 68 ам.доллар байхаар тооцсоноор зөвхөн нүүрсний экспортын борлуулалтын дүн ойролцоогоор 7.5 тэрбум ам.долларт хүрэхээр байна.