Ногоон уурхайн эрин

Э.ОДЖАРГАЛ

od@mininginsight.mn

- Уул уурхайн цэвэр эрчмийн шилжилт

Уул уурхайн салбар хоёр том сорилттой зэрэг нүүр тулсан. Үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ ногоон технологид нэн чухал ашигт малтмалын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах. Сэргээгдэх эрчим хүчний хөгжил нь өөрөө уул уурхайн бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж буй. Ийм эсрэгцэл дунд уул уурхайд томоохон өөрчлөлт өрнөж байна. Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын ойролцоогоор 4–7 хувь уул уурхайн үйл ажиллагаанаас буй болдог талаарх McKinsey & Company болон GlobalData-ийн дүн шинжилгээний судалгаа бий. Тэгвэл өнөөдөр дэлхийн уул уурхайн салбар “ногоон шилжилт”-ийн хамгийн том талбар болов. 

НОГООН УУЛ УУРХАЙН ЗАХ ЗЭЭЛ $18 ТЭРБУМ ДАВНА

Одоогийн байдлаар дэлхийн ногоон уул уурхайн зах зээл ойролцоогоор 13.6 тэрбум ам.долларт хэмжигдэж байна. Ирэх жил 14 тэрбум хүрэх бол 2034 он гэхэд 20 тэрбум ам.доллар давах төлөвтэй. 

Ногоон уурхай гэдэг нь товчхондоо сэргээгдэх эрчим хүч хэрэглэж, цахилгаан техникүүдийг үйл ажиллагаандаа ашигладаг уурхайнуудыг хэлж буй хэрэг. Энэ бол уул уурхай дахь эрчим хүчний шилжилтийн томоохон илэрхийлэл юм. Ногоон уул уурхай нь үйлдвэрлэлийн бүтээмжийг хэвээр хадгалахын сацуу байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүргэхийн тулд эрчим хүчний хэмнэлт, цэвэр технологийг нэвтрүүлж байна. Энэхүү зах зээлийн хамгийн их буюу 37 хувийг ногоон эрчим хүч эзэлж, тэр дундаа цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй тоног төхөөрөмж, техник уул уурхайд хурдацтай нэвтэрч буйг судалгаанд онцолжээ. Мэдээж, нар, салхины буюу сэргээгдэх эрчим хүчний станцууд уурхайн дэд бүтцийн нэг хэсэг хэдийн болсон.

АЛСЛАГДСАН АЛТНЫ УУРХАЙН ШИНЭ ЖИШИГ

Энэ бол Монголын компаниудтай адил төстэй алт үйлдвэрлэлийн хүч чадалтай Австралийн нэгэн компанийн жишээ. Алтны уурхайнуудын дундаас сэргээгдэх эрчим хүчийг хамгийн идэвхтэй нэвтрүүлж буй нь Gold Fields юм. Тус компани Баруун Австрали дахь алтны Agnew болон St Ives уурхайнууддаа СЭХ-ний хослуулсан шийдлийг ашиглан дизель түлшний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулж байна. Тэр дундаа Agnew уурхай нь төвийн цахилгаан сүлжээнээс алслагдмал тул дизель, хийн түлшний цахилгаан эрчим хүчинд бүрэн түшиглэж иржээ. Энэ уурхайд салхины 18МВт цахилгаан станц, мөн нарны 4 МВт цахилгаан станц болон 13 МВт / 4 МВт.ц батарей хуримтлуур, хийн 16 МВт цахилгаан станцтай хосолсон сүлжээг байгуулжээ. Улмаар өнөөдөр уурхайн нийт цахилгаан хэрэглээний дунджаар 50–60 хувь, салхи, нарны нөхцөл таатай үед 70–85 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Энэхүү СЭХ төсөл Австралийн уул уурхайн салбарт СЦС+ НЦС + батарей хуримтлуурыг ийм өндөр түвшинд ашигласан анхны томоохон уурхай болсон юм. Ингэхдээ СЭХ-ийг үндсэн эрчим хүчний эх үүсвэр болгосон төдийгүй алслагдсан уурхайд цэвэр эрчим хүчний шинэ стандарт тогтоож, жишиг загварт тооцогдож байна. Тэгвэл Gold Fields-ийн СЭХ ний хамгийн том чадлын хийгээд хөрөнгө оруулалт бол St Ives уурхай юм. Өмнөх амжилтад тулгуурлан тус компани өөрийн түүхэн дэх хамгийн том сэргээгдэх эрчим хүчний төслийг St Ives уурхайд эхлүүлсэн. Энд нийт 296 сая австрали долларын хөрөнгө оруулалтаар салхины 42 МВт цахилгаан станц, нарны 35 МВт цахилгаан станц, дэд станц болон цахилгаан дамжуулах шугамын хамт барьж байна. Барилгын ажил 2024 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд төслийг 2025–2026 онд үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Компанийн 2026 оны I улирлын тайланд дурдсанаар бүтээн байгуулалт 94 хувьтай өрнөж байна. Бүрэн ашиглалтад орсноор St Ives уурхайн цахилгаан эрчим хүчний 73 хувийг СЭХ ээр хангах, дизель түлшний хэрэглээг 72 хүртэл хувиар бууруулах, мөн уурхайн Scope 1 болон Scope 2 ангиллын нүүрстөрөгчийн ялгарлыг 2030 он гэхэд ойролцоогоор 50 хувиар бууруулахаар тооцоолжээ. Agnew уурхайн жилд 7–8 тонн, Ives уурхай жилд ойролцоогоор 11 тонн алт тус тус олборлодог. Цэвэр эрчим хүчний шилжилт хийж буй дэлхийн уул уурхайн компаниудаас Gold Fields өөрөө СЭХ-ний төслөө удирдан хэрэгжүүлж буйгаараа онцлог. Энэхүү туршлага нь дэд бүтцээс алслагдсан уурхайн эрчим хүчний хангамжийг зөвхөн дизель түлшээр шийдэх шаардлагагүй болсныг бодитоор харуулж байна. Монголтой адил эрчим хүчний дэд бүтэц сул хөгжсөн уурхайн бүсүүдэд нэвтрүүлж болохуйц туршлага юм. 

ЯАГААД УУРХАЙНУУД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ РҮҮ ШИЛЖИЖ БАЙНА ВЭ?

Ногоон шилжилт бол сонголт биш харин өрсөлдөөний “дүрэм” төдийгүй зах зээлийн шинэ чиг хандлага юм. Өмнө нь уурхайн хамгийн чухал үзүүлэлт нь олборлолтын хэмжээ, үйлдвэрлэлийн өртөг байсан бол одоо зэрэгцээд цэвэр эрчим хүчний хэрэглээний үзүүлэлтийг чухалчилж байна. Өөрөөр хэлбэл нарны хавтан, салхин сэнс, батарей хуримтлуур, устөрөгч зэрэг цэвэр технологиуд уурхайн эрчим хүчний эх үүсвэр болж байна. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэгчид түүхий эд худалдан авахдаа үнэ, чанараас гадна нүүрстөрөгчийн ул мөргүй үйлдвэрлэсэн эсэхэд шалгуур тавьж байгаа юм. Энэ нь “ногоон” тодорхойлолттой түүхий эд гэсэн үг. Уул уурхайд өрнөсөн энэхүү өөрчлөлтийн хамгийн том хүчин зүйлийн нэг бол ESG (Environmental, Social, Governance) буюу байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуур юм. Хөрөнгө оруулалтын сангууд, банкуудын зүгээс уул уурхайн төсөлд санхүүжилт олгохдоо дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзэж буй. Хүлэмжийн хийн ялгаруулалт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, усны дахин ашиглалт, хаягдлын менежмент, биологийн олон янз байдлын хамгаалалт, орон нутгийн хамтын ажиллагаа юм. Иймээс компаниудын хувьд сэргээгдэх эрчим хүч ашиглалт нь байгаль хамгаалах алхам төдийгүй хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн өртгөө бууруулах стратегийн шийдэл болж байна. Нөгөө талаас уул уурхайн компаниуд СЭХ рүү шилжиж буй нь зөвхөн “ногоон” болох зорилгоос хальж, илүү олон талын эерэг үр дүнг харуулж байна гэхэд болно. Тухайлбал энэ жилийн дэлхийн олон улсын хамарсан нефть, түлшний хямралаас тодорхой хэмжээгээр хамгаалж байна. Ялангуяа түлшээр ажилладаг генератороор эрчим хүчээ шийдэж байсан уурхайнуудад гэсэн үг. Энэ нь цаашлаад түлшээр ажилладаг техникүүдийг цахилгаанаар ажилладаг, батарей бүхий техникүүдээр солих нөхцлийг илүү хурдтай бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниуд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж, хэрэглээгээ нэмэгдүүлснээр тогтвортой үйл ажиллагаагаа хангахын сацуу олборлолтын зардлыг тогтвортойгоор бууруулах нөхцөл бүрдэж байна гэхэд болно.

Майнинг Инсайт сэтгүүл, 6-7 дугаар сар, 2026 №06, 07 (055, 056)