Дотоодын 1 сая тонн гангийн хэрэглээг хангах үйлдвэр байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан (2026.08.26)-аар "Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ"-ний тухай Засгийн газрын тогтоол батлагдсан байна. 

Тус үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахад санал авах урилгыг Швед, БНХАУ, БНСУ, АНУ-ын ган үйлдвэрлэл, металлургийн салбарын тэргүүлэгч 30 компанид хүргүүлснээс тав нь үнийн санал ирүүлжээ. 

Тэгвэл урьдчилсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр хураангуй жагсаалтад орсон хоёр хөрөнгө оруулагчид мэдэгдэл хүргүүлж, саналыг үнэлэх Дэд ажлын хэсэг байгуулсан гэж АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлсэн байна.  

Хоёр дахь шатны сонгон шалгаруулалтыг ирэх 10 дугаар сард багтаан зохион байгуулахаар болсон. Мөн хөрөнгө оруулагч талд дотоодын 1 сая тонн гангийн хэрэглээг хангахаас гадна экспортод гаргах өндөр чанарын ган үйлдвэрлэх, дотоодын ААН-үүдийг ажлын байраар хангах, ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх шаардлага тавих аж. 

Эх сурвалж: mongolia.gov.mn