Нэг өдөрт 10 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өчигдөр (2026.08.11) мэдээлэл өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 165, орон нутгийн 49 ШТС-д газрын тосны бүтээгдэхүүний түгээлт хийсэн. 

ОХУ-д АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ажиллаж байна. Энэ хүрээнд наймдугаар сард 50 мянган тонн АИ-92 автобензин, 15 мянган тонн Евро-5 стандартын бүтээгдэхүүнийг "Роснефть" компаниас авахаар баталгаажуулсан. Үүн дээр 25 мянган тонн АИ-92, 5 мянган тонн онгоцны түлш нэмэгдсэн. Ийм хэмжээ бол наймдугаар сарыг бүрэн хангах бөгөөд Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж байна. 

БНСУ-аас 5-6 мянган тонн Евро-5 төрлийн АИ-92 бүтээгдэхүүн авахаар хэлцэл хийгээд байна. 

Энгийн өдрүүдэд өдөрт 5-6 мянга тонн нефтийн бүтээгдэхүүн гаалиар нэвтэрдэг байсан бол өчигдөр 10 мянган тонн бүтээгдэхүүний эцсийн бүрдүүлэлт хийсэн. Эдгээр бүтээгдэхүүнийг авто замын гурав, төмөр замын 168 тээврийн хэрэгслээр оруулж ирсэн. 

Мөн бүтээгдэхүүнээр ангилбал АИ-92 3,100 тонн, АИ-95 172 тонн, ДТ 6,775 тонн тус бүр хилээр нэвтэрсэн байна. Үүнээс гадна импортолсон аж ахуйн нэгжийн тоогоор АИ-92 бүтээгдэхүүнийг 10, АИ-95 бүтээгдэхүүнийг хоёр, ДТ-ий бүтээгдэхүүнийг 17 компани тус тус оруулж ирсэн байна.