ОХУ-аас IX сард нийлүүлэх автобензиний үлдэгдэл 18 мянган тонн байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр (2026.09.25) автобензиний нийлүүлэлт, нөөцийн талаар мэдээлэл өглөө.

Түүний мэдээлснээр, Улаанбаатар төмөр замын хэмжээнд 162 вагон цистерн буюу 9720 тонн АИ-92 автобензин байна. Үүнээс 132 вагон цистерн буулгахад бэлэн байгаа аж.

ОХУ-аас есдүгээр сард авахаар төлөвлөсөн автобензинээс 18 мянган тонн нь нийлүүлэгдээгүй байна. Мөн БНХАУ-аас есдүгээр сард 8 мянган тонн автобензин авахаар захиалга хийжээ. Тус захиалга Зам-Үүд өртөөнд шингэн түлш ачих байгууламж руу шилжүүлэн ачилт хийгдэж байна. 

ОХУ-аас хийх ачилт буурснаар автобензиний нөөц багассан ч сүүлийн хугацаанд нөөц 8 хоногоос 11 хоног болж нэмэгдсэн. Монгол Улсын талаас ОХУ-д ачилтаа нэмэгдүүлэх хүсэлт тавьсны дагуу 59 болон 64 вагон цистерн автобензиний ачилт хийгдсэн байна.

Цаашид автобензиний түгээлтийг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байгааг Б.Дашпүрэв мэдээллээ.