Монгол Улс нэмүү өртөг шингэсэн уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалт татна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах цогц үйл ажиллагааны төлөвлөгөө"-г баталжээ. Энэ талаар Шадар сайд Т.Доржханд мэдээлэл өглөө. 

Түүний мэдээлснээр, Монгол Улсад 1990-2025 онд 52.3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүний 44.5 хувийг Нидерланд, 12.6 хувийг БНХАУ, 8.2 хувийг Сингапураас оруулсан хөрөнгө оруулалт эзэлж байна. Харин салбараар нь авч үзвэл уул уурхай дангаараа 74.2 хувийг бүрдүүлж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт цөөн салбарт төвлөрснийг харуулж байна.

Иймээс төлөвлөгөө гаргаж, цаашид сэргээгдэх эрчим хүч, дата төв, хиймэл оюун ухаан, нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлд хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөгөөнд тусгасан байна. 

Мөн Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох хуулиудад оруулсан өөрчлөлтийн хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулсан. Хөрөнгө оруулалт, худалдааны газар хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.

Түүнчлэн Засгийн газрын байгууллагатай холбоотой хөрөнгө оруулагчдын гомдол, саналыг 30 хоногийн дотор шийдвэрлэх чиглэл өгсөн гэж Шадар сайд мэдээллээ.