АНУ Нигерийн ураны төсөлд $414 сая хүртэлх санхүүжилтийг зөвшөөрөв

АНУ-ын Олон улсын хөгжлийг санхүүжүүлэх корпорац Канадын Global Atomic компанийн Нигер дэх Даса ураны төсөлд 414.2 сая ам.доллар хүртэлх зээлийн санхүүжилт олгохыг зөвшөөрлөө.

Энэ нь АНУ Нигерээс цэргээ гаргаснаас хоёр жилийн дараа тус улстай эдийн засгийн харилцаагаа сэргээх томоохон алхам болж байна. 

Даса төслийн 80 хувийг Global Atomic, 20 хувийг Нигерийн Засгийн газар эзэмшдэг бөгөөд арилжааны үйлдвэрлэлийг 2028 оны хоёрдугаар хагаст эхлүүлэхээр төлөвлөж байна. Компанийн мэдээллээр тус орд Африкийн өндөр агуулгатай ураны томоохон ордуудын нэгт тооцогддог. Одоогийн уурхайн төлөвлөгөөгөөр 23 жилийн хугацаанд 31 мянга орчим тонн буюу 68.1 сая фунт U3O8 үйлдвэрлэх төлөвтэй байна. 

Гэхдээ Олон улсын хөгжлийг санхүүжүүлэх корпорацын шийдвэрээр санхүүжилт шууд олгогдохгүй. Учир нь төсөл аюулгүй байдал, улс төр, логистикийн томоохон эрсдэлтэй тулгарч байна. Иймээс далайд гарцгүй Нигерээс уран экспортлох өөр маршрут, тэр дундаа Алжираар дамжуулан тээвэрлэх хувилбарыг судалж байна.

Энэхүү санхүүжилт нь Нигер болон Францын Orano компанийн хооронд ураны активын маргаан үргэлжилж буй үед АНУ-д стратегийн ураны нийлүүлэлтийн шинэ эх үүсвэрт нэвтрэх боломж бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: Reuters