Ураныг улс орнууд эрчим хүчний аюулгүй байдал, стратегийн түүхий эдийн нийлүүлэлттэй холбон чухал ашигт малтмалын бодлогодоо хамруулах хандлага нэмэгдэж байна.
АНУ 2025 онд Чухал ашигт малтмалын жагсаалтаа шинэчлэхдээ ураныг дахин багтаажээ. Уран 2018 оны жагсаалтад байсан ч 2022 онд түлшний ашигт малтмал гэсэн ангиллаар хасагдсан. Харин 2025 онд цахилгаан үйлдвэрлэл болон үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой гэж үзэн жагсаалтад эргүүлэн оруулсан байна.
Канад мөн ураныг чухал ашигт малтмалын жагсаалтдаа багтаадаг. Япон ураны дотоодын баяжуулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байгаа юм.
Дэлхийн цөмийн ассоциацийн мэдээллээр 2024 онд дэлхийн хамгийн том 10 уурхай нийт 37,156 тонн уран олборлосон нь дэлхийн уурхайн үйлдвэрлэлийн 62 хувийг бүрдүүлжээ. Тэр дундаа Казахстан, Канад, Намиби гурван улс дангаараа дэлхийн ураны уурхайн үйлдвэрлэлийн дөрөвний гурвыг бүрдүүлсэн байна.
Ураныг чухал ашигт малтмалд тооцох хандлага нэмэгдэж байна
Монгол Улсад Зөөвч-Овоо ордын ураны олборлолтыг 2028 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус уурхай газар доор уусган олборлох технологиор 30 жилийн хугацаанд жилд 2,500 тонн уран олборлох хүчин чадалтай. Ийм хүчин чадлаар тооцвол Зөөвч-Овоо нь 2024 оны үйлдвэрлэлийн үзүүлэлтээр дэлхийн ураны уурхайнуудын наймдугаарт эрэмбэлэгдэх хэмжээнд байна.





















