Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шахаж, 2028 онд дуусгана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ суманд байрлах Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай өнөөдөр (2026.08.10) танилцсан байна. 

Тэрбээр хэлэхдээ, "Намайг Ерөнхий сайдын ажлыг авах үед Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан хоёр жил, 20 хувийн гүйцэтгэлтэй гацсан байсан. Бид Гадаад зээллэгийн хуулийг УИХ-аар батлуулж, санхүүжилтийн гацааг арилган бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсэн. Өнөөдөр төслийн нийт гүйцэтгэл 60 хувьтай, 4500 хүн гурван ээлжээр, 24 цагаар ажиллаж байна. 

Үндсэн тоног төхөөрөмжүүд ирж, угсралтын ажил эрчимжлээ. Үйлдвэрийн түүхий эдийг тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолойн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, дуусах шатандаа оржээ. Одоо энэ эрчээ алдаж болохгүй. 

Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулна. 824 мянган тонн дизель, 396 мянган тонн АИ-95 бензин, 80 мянган тонн онгоцны түлш болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 орчим хувийг дотооддоо хангах боломж бүрдэнэ. 

Цаг үеийн ямар ч эрсдэл, тодорхойгүй үед дотооддоо тодорхой хэмжээнд хамгаалах суурьтай болно.Тиймээс үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг одооноос баталгаажуулна. Хайгуул, олборлолтыг эрчимжүүлнэ. Эрчим хүч, барилгын материал, инженер техникийн боловсон хүчин, хотхон, дэд бүтцийн асуудлыг бүтээн байгуулалттай зэрэгцүүлэн шийдвэрлэнэ.

Төрөөс шалтгаалах зөвшөөрөл, журам, зураг төслийн магадлал, санхүүжилтийн шийдвэрээс болж бүтээн байгуулалт дахиж нэг ч өдөр гацах ёсгүй. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг шиг алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа шахаж 2028 онд дуусгана. Хуримтлагдсан асуудлуудыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцэж, шийдвэрлэнэ" гэв.

Мөн Ерөнхий сайд Н.Учрал холбогдох сайд, албаныханд хариуцах ажил, хугацааг тодорхой болгох үүргийг өгсөн байна.