АНУ Хятадаас гадуурх томоохон скандийн төсөлд $400 сая хүртэлх зээлийн амлалт өгөв

АНУ-ын Батлан хамгаалах яам Австралийн Sunrise Energy Metals компанийн Сиерстон скандийн төслийг хөгжүүлэхэд 400 сая ам.доллар хүртэлх, 25 жилийн хугацаатай зээлийн санхүүжилт олгохоо амласан байна. Энэхүү урт хугацааны зээл нь төслийн хөгжүүлэлт, санхүүжилтийн эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Уг зээлийн шалгуурт биелүүлэх ёстой тодорхой нөхцөлүүд байгааг яамны зүгээс дурджээ. 

Австралид байрлах Сиерстон төсөл нь олборлох боломжтой дэлхийн хамгийн том, өндөр агуулга бүхий ордуудын нэг гэж SEM компани мэдээлсэн байна. Төслийг бэлэн болгоход 10 гаруй жилийн судалгаа хийгдсэн аж. 

Төслийн эхний шатанд жилд ойролцоогоор 60 тонн өндөр цэвэршилттэй скандийн исэл үйлдвэрлэж, уурхайг 32 жилийн турш ашиглахаар төлөвлөж байна. Мөн хоёрдугаар шатанд хүчин чадлыг 120 тонноор өсгөх боломжийг судалж байгаа бөгөөд хэрэгжсэн тохиолдолд нийт үйлдвэрлэлийн хүчин чадал 180 тонн хүрэх боломжтой юм. 

Хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр хараахан гараагүй ч төслийн бүтээн байгуулалтын урьдчилсан ажлууд эхэлсэн, анхны бүтээгдэхүүнийг 2028 оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэх зорилтыг хэвээр хадгалж буйгаа SEM компани мэдэгджээ. 

Өнөөгийн байдлаар скандийг үндсэн бүтээгдэхүүн болгон олборлодог уурхай байхгүй, харин бусад ашигт малтмал, үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнээс гарган авч байна.  

Дэлхийн скандийн ислийн үйлдвэрлэл 2025 онд 80 орчим тонн байсан бөгөөд гол нийлүүлэлтийг БНХАУ хийж байна. 

Сиерстон төсөл Хятадаас гадуур том хэмжээний, урт хугацаанд тогтмол үйлдвэрлэл явуулах, өртөг багатай анхны эх үүсвэр болохыг зорьж байна. Скандийн эрэлт хэрэгцээ батлан хамгаалах, сансрын технологи, дата төвийн дэд бүтэц зэрэг стратегийн ач холбогдолтой салбарт нэмэгдэж байгаа юм.