Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн хурал өнөөдөр /2026.07.06/боллоо. МУУҮА-ийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Зөвлөлийн гишүүн З.Ган-Очир Зөвлөлийн даргаар сонгогдлоо. Үүнээс гадна Зөвлөлийн дарга З.Ган-Очир нь МУУҮА-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэх юм.
З.Ган-Очир нь одоо Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд зэс, лити, никелийн чиглэлээр хайгуул явуулдаг Azzuro Resources компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрбээр Канадын Хэйлибюри коллежийн Уул уурхайн сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр, Нью-Йоркийн Их сургуулийг санхүүгийн магистр зэргээр төгссөн, уул уурхайн инженер, санхүүч мэргэжилтэй юм. Тэрээр Канадын “Nanisivik” цайрын далд уурхайд маркшейдерээр ажлын гараагаа эхлэн Asia Gold, “Хөх Тэнгэр Минералс”, Aspire Mining зэрэг уул уурхайн салбарын дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад мэргэжлийн болон удирдах түвшинд ажилласан туршлагатай.
Мөн “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийг төлөөлөн “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан билээ.




















