Дэлхийн банк: Монголд эрчим хүчний шилжилтийн ашигт малтмалын хайгуул хангалтгүй байна

Монгол Улсад эрчим хүчний шилжилтийн ашигт малтмалын хайгуулыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулснаар дунд хугацаанд 200-500 сая ам.долларын нэмэлт хувийн хөрөнгө оруулалт татах боломжтой гэж Дэлхийн банк группийн “Монгол Улс: Хувийн хэвшлийн судалгаа, тайлан”-д танилцуулсан байна. 

Монгол Улс геологийн нөөц баялаг ихтэй боловч эрчим хүчний шилжилтийн ашигт малтмалын хайгуул хангалтгүй байгааг тайланд онцолжээ. Тухайлбал, хуулиар хайгуул хийх боломжтой нутаг дэвсгэрийн 15-аас бага хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон, одоо байгаа тусгай зөвшөөрлүүдийн ихээхэн хэсэг идэвхгүй байна. 

Шинэ ордуудыг илрүүлэлтийн шатнаас хөгжүүлэлт, үйлдвэрлэлд хүргэхийн тулд хайгуулын төслүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Эс бөгөөс шинэ уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт болон ажлын байрны өсөлт хязгаарлагдана гэж үзжээ. 

Хайгуулын эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулснаар хайгуулын үйл ажиллагаанд 200-500 сая ам.долларын дунд хугацааны нэмэлт хувийн хөрөнгө оруулалт татаж, 700–1,400 шууд болон шууд бус ажлын байр бий болгох боломжтой гэж тооцсон байна.  

Түүнчлэн хайгуулын салбарт 500 орчим сая ам.долларын хувийн хөрөнгө оруулалт хийснээр 1-2 шинэ уурхайн илрүүлэлт, хөгжүүлэлтийг дэмжих боломжтой гэжээ. Гэхдээ Дэлхийн банк үүнийг геологи, арилжааны тодорхойгүй байдлаас хамаарах таамгийн шинжтэй тооцоо болохыг тэмдэглэсэн байна. Хайгуул амжилттай болж, шинэ орд илрүүлэн хөгжүүлсэн тохиолдолд жилд 2 тэрбум ам.долларын уул уурхайн нэмэлт орлого бүрдүүлж, 40-90 мянган ажлын байр бий болгох боломжтой аж.