АНУ болон Канадад газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнд 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Үүнд зөвхөн түүхий эд олборлох уурхай бус, технологийн нарийн ажиллагаа шаарддаг боловсруулах, салгах, цэвэршүүлэх болон соронз үйлдвэрлэх үйлдвэрүүд багтаж байгаа юм.
АНУ газрын ховор элементийн хэд хэдэн төслийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. USA Rare Earth компани 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй, жилд 6,400 тоннын хүчин чадалтай соронзны шинэ үйлдвэрийг Өмнөд Каролина мужийн Блэксбургт байгуулж, 2028 оноос ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
АНУ-ын газрын ховор элементийн томоохон идэвхтэй уурхай болох Маунтин Пассыг түшиглэн MP Materials компани олборлолтоос боловсруулах, соронз үйлдвэрлэх хүртэлх дотоодын нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлж байна.
Хэдийгээр үйлдвэрлэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа ч нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтны хомсдол тулгамдаж байна. АНУ-д магадлан итгэмжлэлтэй уул уурхайн инженерийн хөтөлбөр ердөө 14 их сургуульд байгаа бөгөөд жилд 170–285 орчим инженер төгсгөж байна. Энэ нь салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хүрэлцэхээргүй байгаа юм.
Хүний нөөцийн хомсдолыг бууруулахын тулд АНУ-ын засаг захиргаа уул уурхайн боловсролыг дэмжихэд 180 сая гаруй ам.долларын санхүүжилт баталжээ. Ингэснээр уул уурхайн инженерийн чиглэлээр төгсөгчдийн тоог хоёр жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байна. Мөн зарим сургуульд тэтгэлэг олгож, ойролцоо мэргэжлийн ажилтнуудыг давтан сургах арга хэмжээ мөн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: mining.com




















