Хөрөнгө оруулалтад эергээр нөлөөлөх өөрчлөлтүүд АМтХ-д 12 жилийн дараа орж чадлаа

- Манай улс ямар ч хуулийг хэрэгжүүлэхдээ хуулийнхаа анхны үзэл санаанаас давж, дааж давшгүй байдал руу оруулдаг жишиг бараг тогтчихлоо – 

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурал хийж дууссантай холбогдуулан Монгол дахь Австралийн Худалдааны танхимын Бодлого, нөлөөллийн хорооны дарга, “Орика Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, хуульч С.Мандахбаттай Майнинг Инсайтын Э.Мишээл ярилцлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Ашигт малтмалын тухай хуулийг /АМтХ/ шинэчилсэн найруулгын түвшнээс бууруулж нэмэлт, өөрчлөлтийн төсөл болгож, УИХ-аар хэлэлцээд байна. Гэсэн хэдий ч агуулгын хувьд багадахгүй шинэчлэл боллоо гэж байна. Таны хувьд энэ удаагийн өөрчлөлтийн цар хүрээ, ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ? 

Монгол Улс анхны Ашигт малтмалын тухай хуулийг 1997 онд баталсан. Үүнээс хойш 10-аад жилийн дараа 2006 онд уг хуульд шинэчилсэн найруулга хийсэн байдаг. Салбарын анхны хууль бол бүрэн дүүрэн либерал гэж хэлж болохуйц байсан ч 2006 оны шинэчилсэн найруулгаар зарчмын томоохон өөрчлөлтүүд орсон. Түүний дараа 2014 оны Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эс тооцвол Монгол Улсын тэргүүлэх салбарын гол хуульд бодитой ахиц, өөрчлөлт 20 орчим жилд гарсангүй. Ерөнхийдөө урсгалаараа явж, үе үеийн парламент, Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтүүд нь дандаа өөр ямар нэгэн хууль, бодлогын “дагалдан” байдлаар явж ирсэн гэсэн үг. 2016 оноос хойших Засгийн газрууд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилсэн найруулгын түвшинд өөрчлөх гэж оролдож ирсэн. Гэвч улс төрийн болоод эдийн засгийн нөлөөллөөс болж Засгийн газрын түвшнээс ч давж гарч чадахгүй, яаман дээрээ “ноцолдсоор” дуусаж байсан. Харин өнөөгийн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өмнөх сайдуудаа бодвол салбартаа туршлагатай гэдэгталаасаа нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр оруулж, УИХ-ын эцсийн хэлэлцүүлэг хүртэл явж чадлаа. Ийм байдлаар явах нь зөв алхам байсан гэж салбарынхан төдийгүй хөрөнгө оруулагчдын зүгээс үзэж байна. Зарчмын хувьд уул уурхайн салбарыг эрчимтэйгээр хөдөлгөх, нийгэм болон салбарт тулгамдаж буй 4-5 асуудлыг багтаасан, хуулийн үндсэн бүтэц, үзэл санаа, суурийг хадгалж чадсан. Нэг онцлог нь нэмэлт, өөрчлөлт гэсэн багахан хэмжээтэй мэт боловч хөрөнгө оруулагч, орон нутаг, төр засаг, ард иргэд гэсэн уул уурхайн салбарт оролцогч бүх талын эрх ашгийг ямар нэг байдлаар оролцуулж эерэг байдлаар тусгасан онцлогтой хуулийн нэмэлт, өөрчлөлт болсон гэж үзэж байна. Хайгуулын салбарыг нээсэн, хөрөнгө оруулалтад эергээр нөлөөлөх өөрчлөлтүүд Ашигт малтмалын тухай хуульд 12 жилийн дараа орж чадлаа гэж бодож байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо нэмэгдэх хүлээлт бий. Гэхдээ ашиглалтын лицензүүдийг бодитоор эдийн засгийн ач холбогдолтой болгох боломж тусгагдаж чадсан уу?

Хайгуулын тусгай зөвшөөрөл олголт 2010 оны Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачилгаас хойш царцанги байдалтай явж ирснийг бид бүхэн мэднэ. Өнөөгийн АМтХ-ийн нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс нь хайгуулын салбарыг нээсэн гэж хөрөнгө оруулагчид төдийгүй салбарынхан хүлээн авч байна. “Геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ” гэсэн байдлаар хоёр жилийн хугацаатай, өөрийн хүссэн талбайгаа илэрхийлж, тэндээ чөлөөт өрсөлдөөний зарчмаар хүсэлт гарган, хэрэв гэрээний дагуу үүргээ биелүүлэн гэрээт талбайдаа хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсвэл хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан. Өмнө нь хэлсэн хайгуулын салбарыг царцанги байдалд оруулсан үндсэн шалтгаан бол “цүнхний” компаниуд буюу лицензийг санхүүгийн хэрэгсэл гэж үзэн дамлан зардаг байдал руу хөтөлсөнтэй холбоотой байсан. Тэд лицензтэй талбайдаа ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэггүй, хөрөнгө оруулалт, өрөмдлөг хийдэггүй, ажлын байр нэмдэггүй. Эдгээр компанид дахин ийм боломж олгохгүй байхаар хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд холбогдох шалгуурыг илүү оновчтой болгосон. 

Нэгдүгээрт, гурван жилээр сунгах байдлаар 12 жилээр олгодог байсныг болиулж, богино хугацаагаар буюу хоёр жилээр олгоно. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг сунгах болгонд үе шаттайгаар нэмж, тусгай зөвшөөрлөө хадгалахад багагүй хөрөнгө зарцуулах шаардлагатай болно. Нэмээд заавал хийх шаардлагатай ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хянах болсон. Лиценз анхнаас нь авахад тухайн компани хэр бодитой хайгуул хийх, хүний нөөц, техник, төхөөрөмжтэй эсэх, өмнө нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байсан эсэх гэсэн шалгуур тавигдаж байна. Ингэхээр бодитой хайгуул хийе гэсэн хөрөнгө оруулагчид, геологийн салбарынхан орж ирнэ гэсэн найдлага байна. Нөгөө талаас АМтХ-ийн өөрчлөлт нийгэмд хүлээлт үүсгэсэн учраас хэрхэн хэрэгжих нь салбарын яам, агентлаг, бусад холбогдох албаныхан ямар дүрэм журам боловсруулж, батлахаас ихээхэн хамаарна. 

Үүний зэрэгцээ ямар шалгуур тавих, ямарваа асуудал гарсан тохиолдолд ямар дэс дараагаар шийдэхийг маш ойлгомжтой, нарийн нягт, авлигаас хол байлгах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Учир нь 2016- 2017 онд хайгуулын салбарыг нээх үүднээс цахимаар лиценз олгохоор гурван мянга гаруй компаниас нэг сая төгрөг авч, маргааш нь нээхийн даваан дээр өмнөх орой нь төрийн байгууллагууд хоорондоо бичиг цаас солилцсоноор зогсож байсан. Ийм саадаас холхон, аль болох давтагддаг асуудлуудаас урьдчилан сэргийлж, оролцогч талууд ойлголцох үүднээс дүрэм журмыг ойлгомжтой болгох хэрэгтэй юм. Хуулийн өөрчлөлтөөр ашиглалтын лицензтэй холбоотойгоор дорвитой өөрчлөлт ороогүй. Гэхдээ АМтХ-ийн суурь сайн учраас хуулиар шийдэх шаардлагагүй бусад зохицуулалтуудыг сайжруулбал болохоор байна. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр өссөн. Төлбөр тооцох хэрэгслийг нэгж гэж тавьснаар аль аль лицензийн төлбөр хэрэглээний индексээс хамааран хөдөлж байх нь илүү шударга болов уу. Уул уурхайн салбар бол өндөр зардалтай, тэр хэмжээгээр өндөр ашиг хүртэх тохиолдолд үүн рүү хөрөнгө оруулагчид ордог учраас салбарынхан ойлгож хүлээж авна гэж найдаж байгаа. АМтХ-ийн нэмэлт, өөрчлөлтөд нөхөн сэргээлтийн талаар нэмэлт оруулсан нь хуулийн өөрчлөлтийн онцлох нэг заалт. Уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулах болон баяжуулах үйлдвэрийг нээхээс өмнө ТЭЗҮ-дээ нөхөн сэргээлт, хаалттай холбоотой асуудлыг тодорхой боловсруулах ёстой болсон. Тухайлбал, 15 жил ашиглах уурхай байвал 10 жилийн хугацаанд байгаль орчны нөхөн сэргээлт хийх зардлын төлбөрийг байршуулах, баталгаа өгөх бусад эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Байгаль орчин, орон нутаг, хариуцлагатай уул уурхай гэдэг талаас олон улсын жишигт нэг алхам дөхсөн оновчтой заалт бий болох гэж байна. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд дүрэм журам гаргах болов уу. Үүнд хэдэн зуун сая, хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгөн дүнг дансанд байршуулна гэсэн шаардлага бий болж мэднэ. Ийм тохиолдолд хэн ч тийм их хэмжээний мөнгийг царцаахыг хүсэхгүй. Хуулийн өөрчлөлтөөр эскроу данс болон банкны баталгаа авах гэдэг нь харьцангуй хэрэгжүүлж болох арга барил гэж харагдаж байна. Манай улс ямар ч хуулийг хэрэгжүүлэхдээ хуулийнхаа анхны үзэл санаанаас давж, дааж давшгүй байдал руу оруулдаг жишиг бараг тогтчихлоо. Тиймээс хуулийн хэрэгжилтэд анхаарах нь салбарынхны зүгээс хамгийн чухалд тавигдах шаардлага юм. Иймд хууль батлагдсаны дараа Засгийн газар, сайд, агентлагийн түвшинд батлах дүрэм, журмыг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчимд тулгуурлан оновчтой, зөв томьёолон боловсруулж батлах нь хууль батлагдахаас ч илүү ач холбогдолтой болоод байна.

Уул уурхайн төслүүдийн аль ч шатанд ойлголтын зөрүүнээс болж орон нутгийн эсэргүүцэл гэдэг нийтлэг тулгамдсан асуудал бий болоод байна. Хуулийн төсөл болон түүнтэй уялдан өөрчлөгдөх бусад хууль эрх зүйн зохицуулалтаар энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр байна вэ?

Орон нутгийн эсэргүүцэл, орон нутгийн үл ойлголцол гэдэг нь уул уурхай гэлтгүй авто зам барих, эрчим хүчний төслүүдэд тохиолддог, Монголд төдийгүй гадаад улсуудад ч байдаг үзэгдэл. Энэ бол иргэд илүү хариуцлагатай болж, эрхээ мэдэрч буйн илрэл, нөгөө талаас ардчиллын үнэ цэн гэж ойлгодог. Энэ талаар хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаж өгсөн нь цаг үеэ олсон явдал болсон. Учир нь орон нутгийн үл ойлголцлоос болж манайд төдийгүй гадаадад ч томоохон уул уурхайн төслүүд зогсож байна. АМтХ-ийн нэмэлт, өөрчлөлтөд орж буй гол агуулга нь мэдээллийг ил тод, нээлттэй байлгах тухай. Хэдийгээр өмнө нь ийм заалт байсан ч илүү тодорхой болгосон байна. Орон нутгийн иргэдийн мэдээлэл авах эрх, уул уурхайн компаниудын мэдээлэл өгөх үүргийг тусгаж, холбогдох салбарын байгууллагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулж, хамтарч судалгаа хийх талаар оруулсан. Мөн эрхээ хэтрүүлдэг тал буюу хэн нэгний өмч, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжийн ажилтанд халдвал зөрчлийн хуулиар торгох заалтыг оруулж өгсөн. Мөнгөн дүнгээр өндөр биш ч тодорхой хэмжээнд иргэдийг хариуцлагатай байлгахад уриалан дуудсан, орон нутагт хууль сахиулдаг албан тушаалтнуудад тодорхой хэмжээний эрх мэдлийг олгосон зөв алхам гэж харж байна. Мөн орон нутагт эсэргүүцэл гардаг шалтгаан бол ашигт малтмалыг төдий хэмжээгээр олборлож байхад дэд бүтцийн асуудлыг огт шийдэхгүй байгаатай холбоотой юм. Ийм төрлийн зохицуулалтыг АМНАТ-ийн орлогоос Орон нутгийн хөгжлийн санд хуваарилах хувь хэмжээг нэмэгдүүлснээр өөрчлөгдөнө гэсэн хүлээлтийг салбарынханд бий болгосон. 

Дэлхийн олон улс критикал минералын бодлогоо тодорхойлсон байдаг. Монгол Улсад ийм төрлийн жагсаалтыг батлах тухай ярьж байна. Манай улсын хувьд критикал минералын ач холбогдол ямар түвшинд байгаа вэ? Ямар түвшинд авч үзвэл зохимжтой гэж та үзэж байна вэ?

Манай улсын хувьд чухал ашигт малтмал гэж бусад ашигт малтмалаас ялгах нь хэр оновчтой вэ гэдэгт эргэлзээтэй ханддаг. Бусад оронд чухал ашигт малтмал буюу эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүч, батарейн түүхий эдийн өсөлтөөс шалтгаалж тодорхой үйлдлүүд хийж байна. Энэ нь гео улс төрийн хүрээнд хийгдэж буй учраас манайд ч ийм тохируулах үйлдэл хийх шаардлага үүссэн болов уу. Чухал ашигт малтмалын жагсаалт нь дэлхийн жишиг байдлаар гаргаж байгаа учраас Монгол Улс өөрийн онцлогийг харгалзан жагсааж болохоор байна. Гэвч хэрэгжилт гэдэг асуудал гарна. Элдэв янзын лоббигоор, жишээлбэл зэсийг дэмжих гэсэн агуулга орж ирэхдээ харин ч татаж унагах хэмжээнд нэмэлт шаардлага, улс төр орж болохоор байдаг. Энд үндэсний аюулгүй байдал гэсэн хэнд ч тодорхой бус шалтаг, шалтгаанаар сөрөг нөлөө үүсгэх болгоомжлолыг ярих хэрэгтэй. Өнөөгийн АМтХ-ийн 2006 оны өөрчлөлтөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэдэг ойлголт анх удаа бий болж, төрийн оролцоо үлэмж нэмэгдэж, хувь эзэмшдэг болсон. Энэ нь аажимдаа явсаар “дээрэм”-ийн шинж чанартай болсноор хөрөнгө оруулагчдад дарамт үзүүлж ирсэн, үзүүлсээр байна. Хуулийн өөрчлөлтийг дагаж хэрэгжилт чухал. Шийдвэр гаргагчид сэтгэл хөдлөлдөө автах, нийгмийн нэг удаагийн дуулианаар шийдвэр гаргах нь аюултай үр дагавартай байна. Манай Үндсэн хууль 1992 онд батлагдаж, “дордохын долоон өөрчлөлт” 2000 онд орж, түүнээс хойш огт өөрчлөгдөхгүй явсаар хоёр дахь удаагаа 2019 онд хөдөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл манай Үндсэн хууль бол сайн, тогтвортой хууль гэж харагддаг. Харамсалтай нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн дэг журмаа зөрчин байж 6.2 дахь заалтын нэмэлт өөрчлөлтийг оруулж ирсэн. Тухайн үед хувь судлаачийн үүднээс 6.2 дахь заалт тэр хэвээр батлагдсан тохиолдолд манай улсад уул уурхай зогсоно гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан санал бодлоо илэрхийлж байсан. Учир нь Үндсэн хуульд ганцхан гадаад үг байдаг нь “стратеги”. Мөн “өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх” буюу өгөөж гэж юуг хэлдэг нь тодорхойгүй байдаг. Өгөөж нь тодорхойгүй учраас дуртай эдийн засагч нь өөрийн өнцгөөр тооцоолно гэсэн үг. Энэ маргааныг хаана очиж шийдэх вэ? Өгөөжийг хэдий хугацаанд тооцох вэ, 20 жил ашиглах уурхайн хэдэн жилийг өгөөж гэж үзэх вэ гэсэн хүндрэл гарахаар байсан. Ард түмэн тэртээ тэргүй өгөөжийн ихэнхийг авах байтал хуульчилсан. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөс үүдэн 2020 оноос эхлэн уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд дарамтад орж эхэлсэн. Том уурхайгаас том өгөөж авах нь гарцаагүй ч хуулийг хэрэгжүүлж буй механизм буруу байгаа юм. Эрх баригчдад өөр барьж авах заалт байхгүй учраас 6.2 дээр заасан “өгөөжийн ихэнх” гэдгийг дураараа тайлбарлаж байна. Салбарын хуулийн нэмэлт, өөрчлөлтөд стратегийн ордын тодорхойлолт хэсэгт “..нийгэм, эдийн засагт нөлөөтэй…” гэдгийг хасаж зөвхөн үндэсний аюулгүй байдалд нөлөөтэй болгон өөрчилсөн. Энэ нь багахан өөрчлөлт боловч үндэсний аюулгүй байдлыг хэрхэн тооцох вэ гэдэг нь бүрхэг хэвээр байна. 

Майнинг Инсайт сэтгүүл, Наймдугаар сар, 2026 №08 (057)