Монголын хөрөнгийн биржээр есдүгээр сард нүүрснээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний 17 удаагийн амжилттай арилжаагаар нийт 119.5 мянган тонн бүтээгдэхүүн арилжжээ. Үүнд 112.2 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал, 6,342 тонн зэсийн баяжмал, 967 тонн молибдены баяжмал тус тус багтсан байна.
Биет хэмжээгээр молибдены баяжмал бага боловч арилжааны үнийн дүн 33.1 сая ам.долларт хүрч, нүүрснээс бусад бүтээгдэхүүний нийт арилжааны үнийн дүнгийн 51.5 хувийг бүрдүүлжээ. Мөн зэсийн баяжмалын арилжааны үнийн дүн 23 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалынх 8.3 сая ам.долларт хүрсэн байна.
Төмрийн хүдэр, баяжмалыг “Монголросцветмет” ТӨҮГ, зэс болон молибдены баяжмалыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ биржээр арилжиж байна.




















