Зэсийн ордыг нээснээс олборлолт эхлүүлэх хүртэл дунджаар 17.5 жил шаардагдаж байна

Зэсийн эрэлт нэмэгдэж байгаа ч шинэ уурхайг ашиглалтад оруулах нь томоохон сорилт болж байна.

S&P Global-ийн 2026 оны судалгаагаар зэсийн ордыг анх илрүүлснээс олборлолт эхлүүлэх хүртэл дунджаар 17.5 жил зарцуулж байна. Зөвшөөрөл авах үйл явц удааширснаас гадна шинээр илрүүлж буй ордууд улам гүнд байрлах болсон нь төслийн хугацааг уртасгаж буй гол хүчин зүйл болжээ. Тухайлбал, зэсийн хайгуулын өрөмдлөгийн дундаж гүн 2010 оноос хойш бараг 50 хувиар нэмэгдэж, 600 орчим метрт хүрсэн байна.

Мөн 1990–2025 онд дэлхийд 263 томоохон зэсийн орд илрүүлснээс 165 нь одоогоор олборлолтоо эхлүүлээгүй байна. Үүнээс 135 төсөл ТЭЗҮ-ийн шатанд хүрээгүй бол 17 нь барилга угсралт болон олборлолтын өмнөх шатанд шилжжээ.

Шинэ томоохон ордын нээлт саарч байна. S&P Global-ийн мэдээллээр 2025 онд тус байгууллагын шалгуурт нийцэх хэмжээний томоохон зэсийн шинэ орд бүртгэгдээгүй байна. Сүүлийн жилүүдэд нэмэгдсэн нөөцийн дийлэнх нь шинэ ордын нээлтээс бус, одоо байгаа уурхайн орчим дахь хайгуул болон нөөцийн өсөлтөөс бүрджээ.

Үүний зэрэгцээ Олон улсын эрчим хүчний агентлаг 2035 он гэхэд одоогоор төлөвлөгдсөн төслүүдэд үндэслэсэн зэсийн нийлүүлэлт эрэлтээс 25 орчим хувиар дутагдана гэж тооцоолж байна. Иймээс шинэ орд илрүүлэхээс гадна төслүүдийн зөвшөөрөл, санхүүжилт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын үе шатыг хурдасгах нь зэсийн ирээдүйн нийлүүлэлтийн гол сорилт болж байна.

Эх сурвалж: S&P Global, IEA