Монголын хөрөнгийн биржээр есдүгээр сард 42 удаагийн амжилттай арилжаагаар 3.16 сая тонн нүүрс арилжжээ.
Есдүгээр сарын дунд үеэс хойш амжилттай арилжсан нүүрсний хэмжээ огцом буурчээ. Тухайлбал, нүүрсний арилжааны гол оролцогч “Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сарын 14-нд дөрвөн арилжаагаар нийт 1 сая тонн 1/3 коксжих нүүрс санал болгосон ч худалдан авагчийн санал ирээгүй байна.
Мөн есдүгээр сарын 15-нд тус компани дөрвөн төрлийн арилжаагаар нийт 704 мянган тонн нүүрс санал болгосноос 256 мянган тонн эрчим хүчний нүүрс (битумт, үл барьцалдах нүүрс) амжилттай арилжаалагджээ. Үлдсэн гурван арилжаанд худалдан авагчийн санал ирээгүй байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сарын 18-23-нд нүүрсний арилжаа үргэлжлүүлэн зарласан ч худалдан авагчийн санал ирээгүй байна. Энэ хугацаанд дэгдэмхий бодис дунд коксжих нүүрсний дуудах үнийг тонн тутамд 197.5 ам.доллароос 181.5 ам.доллар буюу 8.1 хувиар бууруулсан ч арилжаа амжилтгүй болжээ.
Ингэснээр есдүгээр сард амжилттай арилжсан нүүрсний 96 хувь нь сарын эхний 15 хоногт, үлдсэн 4 хувь нь сүүлийн хагаст ногдсон байна.,



























