–Ирээдүйн эрдэс форумын хэвлэл, мэдээллийн түншээр Майнинг Инсайт сэтгүүл, Энержи Инсайт сэтгүүл ажиллана–
Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас зохион байгуулах "Ирээдүйн эрдэс форум 2027"-оор уул уурхайн төслүүдэд шаардлагатай санхүүжилтийг татах, төслийн хөгжүүлэлтийг хурдасгах, олборлолт, үйлдвэрлэлийн шатанд шилжүүлэх хугацааг богиносгоход голлон анхаарал хандуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Саудын Араб төдийгүй Африк, Баруун болон Төв Ази, Латин Америкийг хамарсан “Super Region” буюу өргөтгөсөн бүс нутгийн ашигт малтмалын нийлүүлэлт, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх юм.
FMF 2027-ийн үндсэн арга хэмжээний нэг нь Засгийн газрын түвшний Ministerial Roundtable буюу Сайд нарын дугуй ширээний уулзалт байна. Тус уулзалтад Засгийн газрын төлөөлөгчид, уул уурхайн салбарын удирдлагууд, олон улсын байгууллага, академик болон санхүүгийн байгууллагууд, эрдэс баялгийн нэмүү өртгийн сүлжээний оролцогчид оролцохоор төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Саудын Арабын уул уурхайн салбар, ялангуяа ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрчимжиж байна. Тус улсын ашигт малтмалын хайгуулын нийт зардал 2020 онд 54.7 сая ам.доллар байсан бол 2025 онд 362.7 сая ам.долларт хүрч, таван жилийн дотор 6.6 дахин өсжээ. Мөн энэ хугацаанд идэвхтэй хайгуул явуулж буй компанийн тоо зургаагаас 191 болж нэмэгдсэн байна.
2026 оны нэгдүгээр сард болсон тав дахь удаагийн FMF-д 175 орны 21,500 оролцогч Эр-Риядад ирсэн бөгөөд 91 улсын Засгийн газрын өндөр түвшний төлөөлөл, төрийн болон төрийн бус 64 гаруй байгууллага оролцжээ. Тус форумаар 26.7 тэрбум ам.доллароос дээш үнийн дүн бүхий 132 гэрээ, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Нийтдээ FMF-ийн эхний таван удаагийн чуулга уулзалтаар байгуулсан гэрээ, санамж бичгийн тоо 398-д хүрч, нийт үнийн дүн 75.2 тэрбум ам.долларыг давжээ.






















