БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах оронд байрлах Жүлонг зэсийн уурхай II үе шатны өргөтгөлөө дуусгаж, 2026 оны нэгдүгээр сард үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Тэгвэл III үе шатны төлөвлөлтийг хийж байгааг Zijin Mining компани мэдээллээ. Тус компани Жүлонг уурхайг операторын хувиар ажиллуулдаг бөгөөд 58 хувийг эзэмшдэг юм.
Жүлонг уурхайн II үе шатны өргөтгөлд 17.4 тэрбум юань буюу ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Далайн түвшнээс 5 мянган метрээс дээш өндөрт, хүйтэн, хүчилтөрөгч багатай орчинд байрлах уг төслийн I болон II үе шатны барилга угсралтын ажлыг тус бүр ойролцоогоор 18 сарын хугацаанд дуусгасан байна.
II үе шат бүрэн хүчин чадалд хүрснээр уурхайн хүдэр олборлох, боловсруулах хэмжээ жилд 45 сая тонноос 105 сая тонн болж нэмэгдэнэ. Улмаар уурхайн зэсийн үйлдвэрлэл 2025 оны 194 мянган тонноос жилд 300-350 мянган тонн хүрэх бөгөөд 2026 онд 300 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн жилд 13 мянга орчим тонн молибден, 230 тонн мөнгө гарган авахаар тооцсон байна.
Харин III үе шатны төсөл хэрэгжсэн тохиолдолд уурхайн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал жилд 200 сая тонн, зэсийн үйлдвэрлэл 600 мянган тонн хүрнэ. Мөн олборлолтын өндрийн доод түвшнийг одоогийн 4,452 метрээс 3,880 метр хүртэл бууруулснаар төслийн хил дотор ашиглах боломжтой зэсийн нөөц 20 сая тонноос давах төлөвтэй байна. Ингэснээр Жүлонг нь хүдэр олборлох, боловсруулах хэмжээгээр дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох боломжтой гэж Zijin Mining мэдээлжээ.





















