Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрийг өчигдөр (2026.08.12) танилцууллаа. Тус хэвлэлийн хуралд яригдсан гол мэдээллийг тоймлон хүргэж байна.
Өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэх, банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэж байна. Энэхүү шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, мөн төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэв.
Жилийн инфляц 2026 оны 7 дугаар сард улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод 13.0 хувьтай гарлаа. Шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна.
Дотоодын шатахууны үнэ 2026 оны 7 дугаар сард нэмэгдэж, АИ-92 автобензин 250 төгрөгөөр, АИ-92 Евро автобензин 200 орчим төгрөгөөр, АИ-95 автобензин 63 төгрөгөөр тус тус өссөн. Цаашид Ойрх Дорнодод үүссэн геополитикийн зөрчилдөөн 2026 оны сүүлээс аажмаар намжиж, газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ алгуур буурсаар 2028 онд зөрчилдөөнөөс өмнөх түвшиндээ ойртоно гэсэн хүлээлттэй байна.
Уул уурхайгаас бусад салбарын өсөлт хязгаарлагдмал байна. Зарим секторын өсөлт буурсан буюу агшсан байна. Ийм үед бодлогын хүүг нэмбэл уул уурхайгаас бусад салбарыг улам боомилно.
Төв банк гадаад зах зээлд үүсэж байгаа эрсдэлийг тооцож валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлогыг оны эхнээс баримталсан. Мөн түүхэн 7.9 тэрбум ам.долларын албан нөөцтэй байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад валютын ханш тогтвортой байгаа.
Хэрэглээний сагсны 55 хувь нь импорт эзэлдэг. Ханшийг нэмэгдүүлбэл импортын бараа бүтээгдэхүүнээр дамжиж инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
2026 оны хагас жилийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 53 орчим их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь оны эхнээс 25.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт инфляцыг давхар өдөөж байдаг. Үүний цаад бүрдэл нь төгрөгийн хадгаламж, төгрөгийн харилцах данс хагас жилийн байдлаар 25-29 хувийн өсөлттэй буюу нийт мөнгөний нийлүүлэлтийн 40 их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, төгрөгийн харилцах данс бүрдүүлж байна.
Улсын төсвийг батлахдаа мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөмжийг тооцолгүй төсвийг баталж байна. Зургаан сарын дотор хоёр их наяд төгрөгийн алдагдалтай гарсан.
Монголбанк: Уул уурхайгаас бусад салбарын өсөлт хязгаарлагдмал байна
Гэтэл гадаад худалдаа Монгол Улсын түүхэнд байгаагүй таатай байгаа. 2025 оны II улиралд гадаад худалдааны ашиг 1 тэрбум ам.доллар байсан бол энэ жил 4 тэрбум ам.доллар болж өссөн. Гэвч төсөвт очихоор эрс тэс болж байна.




















