Эрдэс баялгийн салбарт мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдав

Монголын геологи, уул уурхайн салбарт мэргэжлийн нэгдсэн холбоо өнгөрсөн долоодугаар сард шинээр байгуулагдсан байна. Уг “Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо”-г байгуулах хуралд 38 мэргэжлийн холбооны, 47 төлөөлөгч оролцжээ. 

Энэхүү хурлаар шинэ холбооны дүрэм, суурь зарчим, бүтэц зохион байгуулалтыг баталж, Ерөнхийлөгчөөр МУУҮА-ийн Зөвлөлийн дарга асан Г.Батцэнгэлийг сонгожээ. 

Тус холбоог байгуулах үндсэн шалтгаан нь эрдэс баялгийн салбарт олон мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулдаг ч салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалж, байр сууриа төр засагт нэгдсэн байдлаар хүргэх боломж хязгаарлагдмал байгаа. Нэгдсэн холбоо байгуулагдсанаар мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн орчныг сайжруулах, төртэй хамтран ажиллах, салбарын нийтлэг асуудалд нэгдсэн байр суурь илэрхийлэх боломжийг бий болгох юм. 

Хурлын үеэр мэргэжлийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн 11 гишүүнийг баталсан байна. Ингэхдээ геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбараас тус бүр гурван квоттой бүрдүүлэхийг хуралд оролцогч нар санал нэгджээ. 

“Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүнд

  • Газрыг тос, байгалийн хийн хайгуул, олборлогчдын холбооны Д.Даваа-Очир,
  • Эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн нийгэмлэгийн П.Өлзийнаран, 
  • Монголын Маркшейдерийн Холбооны Г.Уранбайгаль,
  • Монгол нүүрс ассоциацийн Б.Бямбадагва,
  • Уул уурхайн технологичдын холбооны Н.Батбаяр,
  • Ашигт малтмал баяжуулагчдын холбооны Б.Чинзориг,
  • Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн Д.Цогбаатар,
  • Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн Т.Мөнхбат,
  • Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Д.Бат-Эрдэнэ,
  • Монголын Геологийн Холбооны С.Лхагва-Очир,
  • ГУУЭБМНХ-ны Ерөнхийлөгч Г.Батцэнгэл нар багтаж байна.