Европын Холбооны байгалийн хийн агуулахууд 10 дугаар сарын эхээр 72 хувийн дүүргэлттэй байгаа нь улирлын түүхэн бага түвшний нэг болжээ.
Өнгөрсөн оны мөн үед Европын Холбооны хийн агуулахын дүүргэлт 83 хувьтай байсан. Харин энэ онд Ойрх Дорнодын мөргөлдөөн, Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас үүдэн шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт доголдож, дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн нөхцөл хүндэрсэн байна.
Түүнчлэн Европын орнуудын хийн агуулахын дүүргэлт харилцан адилгүй байна. Тухайлбал, Италид 88 хувь, Францад 85 хувь, Нидерландад 60 хувьтай байгаа бол Европын хамгийн том хийн агуулахтай Германд 59 хувьтай байгаа аж.
Нийлүүлэлтийн тодорхойгүй байдал Европын хийн үнэд нөлөөлж, 10 дугаар сарын 8-нд TTF зах зээлийн үнэ 1 МВт.цаг тутамд 80 еврод ойртжээ. Үнэ өссөнөөр агуулахын нөөц бүрдүүлэх зардал нэмэгдсэн байна.
Хэдийгээр хийн нөөц бага байгаа ч нийлүүлэлтийн эх үүсвэр төрөлжиж, байгалийн хий импортлох хүчин чадал нэмэгдсэнээр Европын Холбоо өвлийн улирлын хэрэгцээг хангах боломжтой гэж үзэж байна. Гэвч өвлийн улиралд нийлүүлэлт дахин доголдвол агуулахын нөөц хурдан буурах эрсдэл хэвээр байна.
Эх сурвалж: Reuters, Global Energy Flow



















