Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-, тогтвортой” түвшинд хэвээр үлдээв

S&P Global Ratings агентлагаас Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсан тухайгаа (2026.10.08) мэдэгджээ. 

Монгол Улсын зээлжих зэрэглэл, түүний төлөвийг хэвээр хадгалахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна.

  • Оюутолгойн хоёр дугаар үе шатны зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ руу хийх нүүрсний экспорт тогтвортой үргэлжлэхийн зэрэгцээ уул уурхайн экспортын өсөлт нь эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих хүлээлттэй байна гэж дүгнэжээ. Энэ хүрээнд, гадаад цэвэр өрийг урсгал дансны орлогод харьцуулсан харьцаа буурах хандлагатай байна. Уг харьцаа 2020 онд 184 хувьтай байсан бол 2026 онд 58 хувьд хүрнэ гэж үзсэн байна.

  • Ирэх 2-3 жилийн хугацаанд эдийн засгийн бодит өсөлт ижил түвшний дундаж орлоготой улс орнуудтай харьцуулахад илүү өндөр байх төлөвтэй байна.

  • S&P агентлагаас Засгийн газрын цэвэр өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа 2025 оны байдлаар 29 хувьтай байгаа бөгөөд дунд хугацаанд 25 хувьтай тэнцэх төлөвтэй буюу зохистой түвшинд байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн, Засгийн газрын өрийг эргэн төлөх чадвар харьцангуй сайн байгаа нь төсвийн орлогын суурь тогтвортой ба өрийн үйлчилгээний зардал бага байгаатай холбоотой гэж үзсэн байна. Тухайлбал, Засгийн газрын хүүгийн төлбөрийн төсвийн орлогод эзлэх хэмжээ нь сүүлийн арван жилийн хугацаанд мэдэгдэхүйц буурсан ба дунд хугацаанд таван хувиас доогуур түвшинд хадгалагдахаар байна.

  • Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх замаар төсвийн сахилга батыг хангана. Засгийн газар урт хугацаанд түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэх төсвийн орлогын савлагааг багасгаж, төсвийн тогтворжуулалтын сан болон баялгийн санд хуримтлал үүсгэх арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд сангуудын хуримтлалыг оруулбал нэгдсэн төсвийн тэнцэл 2026 онд ДНБ-ий 2.0 хувь, 2027 онд 1.6 хувийн ашигтай гарах төлөвтэй байна.