Баян-Овоогийн хүчин чадлыг 50%-иар нэмэгдүүлнэ

БНХАУ-ын Өвөр Монголд байрлах Баян-Овоогийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 500 сая юань буюу 70 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Хөрөнгө оруулалтын хүрээнд уурхайн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадлыг 50 хувиар буюу жилд 10 сая тонноос 15 сая тонн болгон нэмэгдүүлэхээр байгаа аж. 

Баян-Овоо нь дэлхийн хамгийн том газрын ховор элементийн орд бөгөөд төмөр, ниоби, газрын ховор элемент зэрэг олон төрлийн ашигт малтмал агуулсан томоохон полиметаллын ордод тооцогддог. 

Уурхайн олборлолт үндсэндээ төмрийн хүдэрт төвлөрдөг бөгөөд газрын ховор элементийг дайвар болон хам бүтээгдэхүүнээс гарган авдаг байна. Баян-Овоогийн баяжуулалтын хаягдал нь газрын ховор элемент, ниоби, төмөр, флюорит зэрэг ашигт бүрэлдэхүүнээр баялаг юм. 

Хэдийгээр хүчин чадал нэмэгдэх ч газрын ховор элементийн үйлдвэрлэл хэр хэмжээнд өсөх мэдээлэл хараахан гараагүй байна. 

Хятад газрын ховор элементийн олборлолтыг квотоор зохицуулж байгаа юм. 

Эх сурвалж: SCMP