2023 оноос Хятад гадаадад чухал ашигт малтмалын чиглэлээр $120 тэрбум гаруй хөрөнгө оруулжээ

Э.ОД

Австралийн тинк-танк төв Climate Energy Finance (CEF)-ийн шинэ тайланд өгүүлснээр, 2023 оноос хойш Хятад улс гадаадын уул уурхай, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд 120 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ингэхдээ улсын дэмжлэгтэй хөтөлбөрийг хурдасгах замаар дэлхийн эрчим хүчний шилжилтийн үед зайлшгүй шаардлагатай түүхий эдийн нөөцийг бүрдүүлсэн талаар судалгаанд дурдсан байна.    

Хятадын энэхүү хөрөнгө оруулалт нь цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц, үйлдвэрлэлд шаардлагатай зэс, литий, никель, газрын ховор элемент, боксит зэрэг нэн чухал ашигт малтмалд чиглэж иржээ. Энэ нь зөвхөн нөөцийн олборлолт төдийгүй түүхий эдийг боловсруулан үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэлх сүлжээнд давамгайлахыг зорьж буйг харуулж байна гэж тайланд онцолжээ. 

Climate Energy Finance-ийн судлаачдын үзэж буйгаар, Хятадын уул уурхайд оруулж буй гадаад хөрөнгө оруулалт нь илүү том аж үйлдвэрийн стратегийн нэг хэсэг. Учир нь уул уурхайгаас гадна 2023 оноос Хятадын компаниуд аккумляторын үйлдвэрүүд, цахилгаан машин, эрчим хүчний сүлжээ, нар болон салхины эрчим хүчний дэд бүтэц зэрэг цэвэр технологийн салбарт 220 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. 

Эхний шатны түүхий эдийн олборлолт болон дараагийн шатанд боловсруулах үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт нь хамтдаа нэг системийг бүрдүүлж байна. Улмаар хангамжийг тасралтгүй хангах, гадаадын нийлүүлэлтээс хараат байдлыг бууруулах, нүүрстөрөгч багатай эдийн засгийн төвд Хятадын байр суурийг бэхжүүлэхэд чиглэнэ. CEF-ийн тооцоолсноор Хятад одоо дэлхийн газрын ховор элементийн цэвэршүүлэлтийн 90 орчим хувийг, литийн боловсруулалтын 60 орчим хувийг, кобальтын цэвэршүүлэлтийн 70 гаруй хувийг, гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг хянадаг. Мөн батарейны катод болон анодын материалын 90 гаруй хувийг үйлдвэрлэж байна.  

Хятадын уул уурхайн салбарт оруулсан сүүлийн үеийн хөрөнгө оруулалтын ихэнх нь Африк, Латин Америк, Зүүн Өмнөд Азийн байгалийн баялаг ихтэй бүс нутгуудад чиглэгджээ. Тухайлбал Конго улсад Хятадын компаниуд зэс, кобальтын үйлдвэрлэлд нөлөөгөө тэлсэн бол Индонези нь Хятадын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр дэлхийн хамгийн том никель үйлдвэрлэгч, цэвэршүүлэгч болсон.  Зимбабве болон Африкийн бусад орнуудад Хятадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар литийн олборлолт, боловсруулалтын хүчин чадал хурдацтай хөгжиж байна.

Гэхдээ CEF-ийн дүн шинжилгээгээр, Хятад "Бүс ба зам" стратегийн арга барил илүү бүтээлч хамтын ажиллагаанд шилжиж байгааг харуулж байгааг тайланд тодотгожээ. Хятадын компаниуд урт хугацааны нийлүүлэлтийн гэрээний хариуд боловсруулах үйлдвэрүүд, төмөр зам, боомт, эрчим хүчний систем зэрэг дэд бүтэц, түүнчлэн орон нутгийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгохын тулд хамтрагч орнуудын Засгийн газартай түншилж байна гэж тайлангийн хамтран зохиогч, CEF-ийн үүсгэн байгуулагч Тим Бакли ярьсан байна.  Уул уурхай, боловсруулалт, үйлдвэрлэлийг хослуулснаар Хятад чухал ашигт малтмалын зах зээл дэх үнэ, технологид нөлөөлөх чадвараа бэхжүүлж байгааг CEF-ийн судалгаанд онцлон тэмдэглэжээ.