2025 оны шилдэг татвар төлөгчдийг уул уурхайн компаниуд манлайлав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардууллаа. 2025 оны шилдэг татвар төлөгчдийг уул уурхайн компаниуд манлайлсан байна. “Татвар төлөлтөөр тэргүүлэгч 10 компани”-йг “Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой”, МАК, “Энержи Ресурс” компаниуд тэргүүлэв. Харин “Том сегментийн шилдэг татвар төлөгч”-дийг “Хангад Эксплорейшн”, “Хүрэн толгой коал майнинг”, Тавантолгой”, “Эрдэнэс Алт Ресурс”, “Трансвест Монголиа”, “Барло ворлд Монголиа” компаниад тэргүүлжээ. 

2025 онд “Эрдэнэт үйлдвэр” нь улс, орон нутгийн төсөвт нийт 2.3 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ.  Тус үйлдвэр нийт татвар төлөлтийн 61 хувь буюу 1.1 их наяд төгрөгийг АМНАТ, 574.79 тэрбум төгрөгийг ААНОАТ, 289.26 тэрбум төгрөгийг ногдол ашиг бүрдүүлж байгаагаас гадна Орхон аймгийн төсөвт 115.5 тэрбум төгрөг, Булган аймгийн төсөвт 37 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Тус компани нь 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулсан. Байгуулагдсан цагаасаа хойш 15 жилийн хугацаанд нийт 11.4 их наяд төгрөгийн татвар төлсний 7.9 их наяд төгрөг буюу 70%-ийг сүүлийн 3 жилд төлжээ. 

“Оюутолгой” компани 2025 онд нийт 2.3 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9%-тай дүйцэж байна.

 МАК компани 2025 онд ₮930 тэрбумыг татвар, хураамж хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш нийт 4.8 их наяд төгрөгийн татвар төлөөд байна.

 “Энержи Ресурс” компани групп компанийн хэмжээнд 512 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлснээр “Тавар төлөлтөөр тэргүүлэгч 10 компани”-йг манлайлав.

 Харин “Эрдэнэс алт ресурс” компани 2025 онд улс, орон нутгийн төсөвт нийт 77.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснээр том сегментийн “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа. Тус компани Салхитын мөнгө-алтны ордыг ашиглах 2021 онд батлагдсан Техник, эдийн засгийн үндэслэлээр тооцоолсон орлогын төлөвлөгөөгөө өнөөдрийн байдлаар даруй 200 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлээд байгаа юм.