Уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөж гэж юуг хэлэх вэ?


Засгийн газар Стратегийн орд эзэмшигч компаниудтай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тохирох, стратегийн ордуудын үр өгөөжийн 60 хувийг улсад авах талаар яриа хэлэлцээр хийж буй. Гэхдээ уг яриа хэлэлцээр удааширч буй бөгөөд үндсэн шалтгаан нь эдийн засгийн үр өгөөж гэж юуг хэлэх, юуг хамруулах талаар тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаатай холбоотой. 

Ерөнхий сайд Н.Учрал Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Баялгийн санд хуваарилах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ хэмээн 5-р сарын 11-нд мэдэгдсэн. Уг хуулиар 60 хувийн өгөөжид ямар татвар, төлбөрийг оруулах вэ гэдгийг хатуу хуульчилж өгнө гэсэн. 

Үр өгөөж гэдэг нэр томьёо, ойлголтыг мэргэжлийн үүднээс судалгаа, тооцоотой тайлбарлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед “Майнинг Инсайт” сэтгүүл нь сэтгүүлийн Бодлогын зөвлөлтэйгээ хамтран “Уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөж гэж юуг хэлэх вэ” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын эдийн засгийн үр өгөөж, нөлөөний талаар олон жил судалгаа хийсэн мэргэжлийн эдийн засагчид болон зарим уул уурхайн компанийн удирдлагыг урин оролцуулсан. Эдийн засгийн үр өгөөж гэдэг бол хэн нэгэн дурын өнцгөөс тайлбарладаг, попордог сэдвээс давж илүү бодитоор, илүү мэргэжлийн үүднээс хандаж, тодорхой томьёолж, хуульд зайлшгүй тусгах нөхцөл байдал бий болж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм. 

Мөн стратегийн ач холбогдолтой 17 ордоос гадна уг ангилалд “нэр дэвшигч” 39 ордыг ашигт малтмалын төрөл, ач холбогдлоор нь ялгах нь чухал. Цахилгаан станцын хэрэглээний нүүрс нийлүүлдэг уурхай, барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эд болдог гөлтгөнө, шохойн чулууны гэх мэт ордуудыг өндөр үнэтэй экспортолдог коксжих нүүрс, зэсийн ордуудтай адилтган авч үзэх нь тохиромжгүй хэмээн уул уурхайн компаниуд, эдийн засагчид үзэж байна. 


Энэхүү хэлэлцүүлгээр оролцогчдын хөндсөн санаа, онцолсон өнцгүүдээс түүвэрлэн хүргэж байна.

- “Өгөөж гэдэг үг монгол хүний оюун санаанд өргөн хүрээтэй буудаг. Өгөөж гэдэг томьёо хуульд сууж, эрх зүйн хувьд эргэлтэд ороод эхлэхээр ямар түвшинд хэрэглэх вэ гэдэг нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн оюуны бядыг шалгасан, мөчидхөн бодвол салбарт зовлон болж, уужуухан бодвол ард түмэнд өгөөжөө өгсөн зүйл болох болов уу”. М.Дагва. Судлаач, “Майнинг Инсайт сэтгүүлийн Бодлогын зөвлөлийн гишүүн. 

- Манайд эдийн засгийн өгөөж, хөрөнгө оруулалтын өгөөж гэсэн хоёр өөр ойлголтыг будилж ойлгоод байна уу гэж боддог. Аливаа уул уурхайн төсөл дээр Засгийн газрын хийх ажил бол ашгийн тооцоо буюу хөрөнгө оруулалтын өгөөж биш. Харин эдийн засгийн үр ашиг буюу валютын ханш яах юм, ажлын байрыг яаж нэмэгдүүлэх юм гэх мэт өргөн хүрээний тооцоонд илүү анхаарах ёстой”. Д.Ачит-Эрдэнэ. “Майнинг Инсайт сэтгүүлийн Бодлогын зөвлөлийн гишүүн. 

- “Судлаачдын хүрээнд бол уул уурхайн ордын шууд ба шууд бус үр өгөөж гэж юуг хэлэх вэ гэдэг тогтчихсон зүйл. Маргаад байх зүйл байхгүй. Эдийн засгийн утгаараа шууд нөлөө гэдэг нь тухайн төсөл ямар хэмжээний нэмүү өртгийг ДНБ-д оруулсан юм бэ гэдгийг хэлнэ”. Б.Түвшинтөгс. Эдийн засагч, ЭЗСЭШХ-ийн захирал.

- “Зүйрлээд хэлбэл, уул уурхайн үр өгөөж гэдгийг иргэдэд сартай харьцуулж ойлгуулж, хэлдэг. Дэлхийгээс харвал сар жижигхэн харагдаж байгаа. Харин бодит хэмжээсээрээ бол сар жижиг биш. Үүнтэй адилхан уул уурхайн үр өгөөжийн талаар зөрүүтэй ойлголт байдаг. Үүнийг залруулж, ижил ойлголттой болгох ёстой. Яаж гэвэл хуулиар нэр томьёогоо тогтох ёстой”. Н.Энхбаяр. Эдийн засагч.

- “Уул уурхайн үр өгөөжийг хэрхэн тооцох талаар олон улсын бэлэн загварууд байдаг. Ийм загваруудыг ашиглаж, үр өгөөжийг тодорхойлох хэрэгтэй байна”. Ч.Отгочулуу. ЭЗБӨЧСТ-ийн захирал. 

-“Хөрөнгө оруулалтаас авч байгаа татвар, орлого, эсвэл ашгаас авч байгаа татвар гээд татвар болгон онцлогтой, үүрэгтэй, зорилготой байдаг. Төслүүдээ харж, анализ хийгээд хаана нь ямар татвар байршуулах вэ гэдгийг бодож, тооцоолж, уялдуулах нь оновчтой”. С.Мөнхсүх. “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал. 

-“ Стратегийн ашигт малтмалын  орд гэдгийг Ашигт малтмалын тухай хуулиас авах, эсвэл тайлбарыг нь өөрчлөхгүй бол Монголын хувьд бүхий л ашигт малтмал стратегийн ач холбогдолтой болчихлоо. Стратегийн орд гэдэг ойлголтоос бид салахгүй бол хэзээ ч бодлогыг цэгцтэй, зөв болгож чадахгүй юм байна. Хөрөнгө оруулагчдын өмнө уйлж, дуулаад ч 15-20 жил хөрөнгө оруулагчид орж ирэхгүй нөхцөл байдалд орж байна. Гөлөг төөрүүлнэ гэдэг шиг нэр томьёоны хойноос хөөцөөлдөөд манай салбарыг самраад дуусгаж байна”. Н.Алгаа. МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал асан.