Нээлттэй нийгэм форумаас АМтХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх санал шүүмжлэлийг Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг өнөөдөр (2026.07.02) сэтгүүлчид болон иргэний төлөөллийнхөнд танилцууллаа. Уг хуулийн шүүмжид дагалдах хуулийн төслүүдийг мөн багтаасан байна.
УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлд АМНАТ буурснаар зэсийн хөдлөхөд бэлэн төслүүд урагшлах боломжийг олгохоор байна. Одоо хэрэгжиж байгаа хуулиар зах зээлийн үнэ 9 мянган ам.доллароос давсан тохиолдолд өсөн нэмэгдэх байдлаар 15 хувийн татвар төлдөг. Харин шинэчлэгдсэн тохиолдолд энэ тоо 5 хувь болж буурахаар байна. Гэхдээ одоогийн зохицуулалтаар зөвхөн Эрдэнэт үйлдвэр ийм өндөр хэмжээний татвар төлж байгаа.
Орон нутгийн хөгжлийн санд уул уурхайн салбараас бүрдсэн орлогын 10 хувийг аймаг, нийслэлд олгодог. Анхны хуулийн төслөөр 30 хувь болж УИХ-д орсон ч хэлэлцэгдэх явцад 20 хувь болж буурсан, мөн сум, дүүрэгт олгодог байсныг аймаг, дүүрэг болгон хэвээр үлдээсэн. Бодит байдал дээр аймаг, дүүрэгт хуваарилагдсан мөнгө суманд хуваарилагдахдаа асуудалтай байдаг. Итгэлцүүрээр үнэхээр сумдад хуваарилагддаг эсэхэд хяналт байхгүй. Иргэдийн төлөөлөгчид олон удаа сонгогдсон, засаг дарга хаанаас сонгогдсон болон сонгогч ихтэй суманд илүү хуваарилалт хийгддэг. Өөрөөр хэлбэл уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг сумдад бага хэмжээгээр очиж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан суманд уул уурхайн идэвхтэй үйл ажиллагаа явагддаг ч бага хэмжээгээр сангийн мөнгө очдог мөртөө Сайншанд сум сонгогч ихтэй, ИХТ, засаг дарга байдаг учир илүү хэмжээний мөнгө хуваарилагдаж байна.
Хуулийн төслийг анх танилцуулж байхад чухал ашигт малтмалыг УИХ батална, чухал ашигт малтмалын үйл ажиллагааг дэмжих үүднээс Засгийн газар эрх мэдэлтэй байх, саадгүй явуулах гэсэн онцгой эрхтэй байсан. Хэдийгээр улсын бодлого байж болох ч засаглалын суурь, хүний эрхийн хүрээнд ийм зүйл байх нь зохимжгүй. Харин хуулийн нэмэлт, өөрчлөлтийн сүүлийн хувилбарт үүнийг болиулсан.
Газрын ховор элементээс лантан, неодим, промети, лютеци нь цацраг идэвхт чанартай, цацраг идэвхт чанар ихтэй, өргөн цацраг идэвхт чанартай байдаг. Манай улсын газрын ховор элементийн зургаан ордод лантан буюу цацраг идэвхт чанартай элемент бүгдэд байна. Нөгөө талаас орд бүрийг нэг жороор авч үзэх боломжгүй байхад бүгдийг нь нэг ангиллаар авч үзсэн тохиолдолд эргэж харах асуудал үүсэх юм. Цацраг идэвхт ашигт малтмал гэдгийг уран болон торийн бүлгийн цацраг идэвхт изотоп агуулсан газрын ховор элементүүдээс бусад эрдэс баялгийн хуримтлалыг ойлгоно гэж заасан. Харин Цөмийн энергийн тухай хуульд "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэснийг "байгаль орчны төлөв байдлын үнэлгээ" гэж өөрчилсөн. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь ердийн ашигт малтмалд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг шаарддаг. Гэтэл цацраг идэвхт ашигт малтмалд ийм үнэлгээг сулруулсан байдлаар оруулж ирсэн байна.




















