НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Уг хурлын гурав дахь өдөр Цэнхэр бүсэд байрлах НҮБХХ-ЮНЕСКО-гийн хамтарсан павильонд "Хариуцлагатай уул уурхай ба эмэгтэйчүүдийн манлайлал: Оролцоонд суурилсан засаглал ба газрын нөхөн сэргээлтийн сургамж, цаашдын боломжууд" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Илтгэлүүдэд уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл, эмэгтэйчүүдийн манлайлал, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагааны талаар хөндлөө.
Арга хэмжээг нээж АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв үг хэлсэн. Тэрбээр "Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар өөрсдийгөө үнэн зөв ойлгуулах, сайн жишиг түгээхдээ учир дутагдалтай байгааг үнэлж дүгнэж байна. Тийм учраас олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтарч эрдэмтэн, мэргэд, судлаач, багш нартайгаа хамтран уул уурхайн салбарын ойлголтыг нэмэгдүүлж, хариуцлагатай байхыг бид бүхэн өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа. Үүний нэг хэсэг болж өнөөдөр хариуцлагатай уул уурхай, эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгоход чиглэсэн олон ажлын нэг болон энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээг зохион байгуулагч талуудад дахин талархал илэрхийлье" гэв.
Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Леонел Лорон "Үр дүнг нэмэгдүүлэх гол нөлөө нь түншлэл юм. Уул уурхайн салбарт тулгарч буй цогц асуудлыг нэг байгууллага дангаараа шийдвэрлэх боломжгүй. Засгийн газар, компани, орон нутаг, иргэний нийгмийн байгууллага, судлаач, сэтгүүлч, хөгжлийн түншүүд хамтран ажиллаж, хариуцлага хуваалцах үед бодит үр дүн гардаг.
Хариуцлагатай уул уурхайн оролцогч бүх талд үр өгөөжөө өгөх ёстой. Энэ нь компаниудын өрсөлдөх чадвар, нийгмийн зөвшөөрлийг бэхжүүлэх замаар тэдэнд ашиг өгөх, засаглал, ил тод байдлыг сайжруулах замаар төрд үр өгөөжөө өгөх, орон нутгийн иргэдийн дуу хоолойг сонсож, байгаль орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар олон нийтэд үр өгөөжөө өгөх юм. Мөн ирээдүй хойч үедээ эрүүл экосистем, байгалийн нөөцийн илүү тогтвортой менежментийг бүрдүүлэх хэрэгтэй" гэдгийг онцоллоо.
Арга хэмжээний гол илтгэлийг Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн УЗ-ын дарга О.Батболд тавьсан. Тэрбээр уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, ур чадвар, шийдвэр гаргах түвшний оролцоог тоон мэдээллээр харуулсан суурь судалгааг танилцуулсан.
О.Батболдын хэлснээр, уул уурхайн салбарт эмэгтэйчүүд ажиллаж буй боловч удирдах түвшинд оролцоо бага байдаг. Тухайлбал, салбарын яамны газрын дарга нарын дунд одоогоор эмэгтэй хүн байхгүй бөгөөд өмнө нь дэд сайдын түвшинд эмэгтэйчүүд ажиллаж байжээ.
Уул уурхайн салбарт өндөр боловсролтой эмэгтэйчүүд хангалттай байгаа ч манлайлал, удирдлагын түвшинд оролцоо сулардаг шалтгааныг цаашид тодруулах ач холбогдолтой суурь судалгаа болсон байна.
Хариуцлагатай уул уурхайг бий болгоход эмэгтэйчүүдийн манлайлал чухал болохыг "Эрдэс Баялаг, Эмэгтэйчүүдийн Холбоо"-ны Тэргүүн О.Туяа хэлсэн. Эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгохын тулд эмэгтэйчүүд өөрсдөө идэвх санаачилгатай оролцохоос гадна бусад оролцогч талын дэмжлэг чухал гэдгийг хэлэв.
"Цэцэнс Майнинг" ХХК орон нутгийн иргэдтэй хамтран "Уул уурхайн бүс нутагт хамтын оролцоот байгаль орчны мониторинг" хэрэгжүүлсэн туршлагыг танилцууллаа. Тус компанийн Байгаль орчны мэргэжилтэн Д.Даваасүрэн судалгааны чухал үр дүн нь усны асуудлыг шийдэж, орон нутгийн иргэдтэй зөвшилцсөний үр дүнд 1,000 га газрыг тариалангийн бүс нутаг болгосон гэв.
Арга хэмжээний үеэр НҮБХХ-ийн Төслийн менежер Р.Ариунбилэг, МУУҮА-ын Дэд захирал П.Оюунбилэг, НҮБХХ-ийн Оролцоо төслийн техникийн зөвлөх Ц.Мандхайхатан нар илтгэгчээр оролцсон юм.




























