АНУ-ын тарифын хүлээлт зэсийн үнэ савлахад хүргэв

Э.ОД

COMEX бирж дээр зэсийн фьючерс үнэ тонн тутамд ойролцоогоор 14.940 ам.доллар хүрч шинэ дээд үзүүлэлт (2026.08.26) тогтоосон ч энэ өсөлтөө хадгалж чадалгүй эргэн буурлаа. Пүрэв гаригт зэсийн үнэ 3 хувиар буураад байна. 2026 он гарснаас хойш COMEX-ийн зэсийн фьючерс үнэ ойролцоогоор 17 хувиар өсжээ. Тухайн биржийн агуулах дахь зэсийн нөөц 675,000 тонноос давж түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Тухайн нөөц 46 өдөр дараалан нэмэгджээ. 

Энэ сард зэсийн үнэ огцом өссөн гол шалтгаан нь эцсийн хэрэглээний эрэлт нэмэгдсэнтэй бус, харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас зэсийн импортод ногдуулах тарифын шийдвэр гаргахыг зах зээл хүлээж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. 

Энэ оны нэгдүгээр сараас АНУ боловсруулсан зэсэд 15 хувийн импортын тариф ногдуулж, харин 2028 онд тарифыг 30 хувьд хүргэхээр төлөвлөж байгааг зарласан. Цагаан ордны энэ шийдвэр хоёр сар хүлээгдэж буй. Тарифын хүлээлт нь зэсийн нөөцийг дэлхийн бусад зах зээлээс татан, АНУ-ын агуулахуудад төвлөрүүлэхэд хүргэж байгааг шинжээчид тайлбарлажээ.

Зэсийн үйлдвэрлэл талд нөхцөл байдал сайнгүй байна. Project Blue –ийн тооцоолсноор, оны эхний хагаст Индонез, Конго болон Чилид гарсан үйлдвэрлэлийн доголдлын улмаас дэлхийн зах зээл дэх зэсийн нийлүүлэлт ойролцоогоор 338,000  тонноор тасалджээ. “Хэрэв зэсийн импорт одоогийнх шиг үргэлжилбэл зах зээл дээр нийлүүлэлт хүрэлцэхгүй нөхцөлд шилжих төлөвтэй” гэж CRU-ийн зэсийн зах зээлийн ахлах шинжээч Роберт Эдвардс ярьсан байна. Зэсийн үнэ ойрын сард шинэ дээд үзүүлэлтүүд тогтооно гэсэн таамгийг Bank of China International-ийн шинжээч Амелиа Фү дэвшүүлжээ.