Уул уурхайн компаниуд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг манлайлж байна

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17-р (COP17) бага хурлыг зохион байгуулж байна. Энэ хурал нь цөлжилтийг сааруулах, газрын доройтлын эрчмийг бууруулах талаар дэлхийн улс орнуудын хийж хэрэгжүүлж буй ажил, төлөвлөгөө, түүний үр дүнг салбар тус бүрээр нь ярилцан хэлэлцэнэ.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй гэдэг утгаараа бид ч бас энэ чиглэлд юу хийж байгаа, ямар санал санаачилгууд гаргаж хэрэгжүүлэх талаараа идэвхтэй ярилцаж, танилцуулах зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Монголын уул уурхайн салбар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн идэвх санаачилгатай ажиллаж байна гэхэд болно. Нэг талаасаа хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн хөдөлгөөн, нөгөө талаасаа дотоодын эрчим хүч, түлшний асуудал нь Монголын уул уурхайн компаниудыг шинэ хандлага, шинэ стратегитай ажиллахыг шаардаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хамгийн тууштай дэмжиж, хамгийн үр дүнтэй ажиллаж буй салбар бол уул уурхай. Өдгөө жилд хэдэн сая суулгац гаргах хүчин чадалтай мод үржүүлгийн газрууд, агропаркууд ажиллаж байна. Тэр хэрээр жил бүр тарьсан модны тоо ч нэмэгдэж байна. Анхны амлалтыг нь нэхэн санавал Сэлэнгэ аймаг 20 сая мод тарихаар амласнаа 68 хувиар давуулан биелүүлж 33 сая мод тариад байна. Харин уул уурхайн компаниудаас хамгийн олон мод тарьсан “Оюу толгой”, “Эрдэнэс Тавантолгой” компани нийлээд 36 сая ширхэг мод тарьж, ургуулаад байна. 

Мод тарих нь нэг асуудал. Гэтэл үүнээс илүүтэй ялгаруулж буй нүүрстөрөгчийн хийгээ хэрхэн яаж багасгах вэ гэдэг нь чухал. Уул уурхайн компаниудын хувьд ялгаруулж буй хүлэмжийн хийн дийлэнх нь хүрэн эрчим хүчний хэрэглээ, дизель түлш байдаг. Тиймээс ч энэхүү олон жилийн хэрэглээндээ өөрчлөлт оруулах санаачилга, ажлууд идэвхтэй өрнөж байна. Монголын уул уурхайн компаниуд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих шилжилт нэгэнт эхэлснийг “Майнинг Инсайт” энэ удаагийн дугаартаа онцоллоо. Цахилгаан эрчим хүчний найдвартай хангамж бол уурхай, үйлдвэрийн амин хэрэглээ. 2025 онд Монгол Улс 12.6 тэрбум кВт.цаг эрчим хүч хэрэглэсний 31 хувийг буюу 3.7 тэрбум кВт.цаг эрчим хүчийг уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар хэрэглэжээ. Хамгийн том хоёр хэрэглэгч нь “Оюу толгой” үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр”. Нийлээд 2.7 тэрбум кВт.аг эрчим хүч хэрэглэсэн. Эндээс Монголд уул уурхайн салбар хөгжих, шинэ уурхай нээгдэх, шинэ баяжуулах, боловсруулах үйлдвэр баригдах шаардлагатай гэвэл эрчим хүчний хангамжаа зайлшгүй тооцох шаардлагатай гэдэг нь тодорхой харагдана. Тиймээс ч томоохон компаниуд эхнээсээ өөрсдийн хэрэглээгээ хангах сэргээгдэх эрчим хүчний бие даасан системийг байгуулж, ашиглалтад оруулж байна. МАК компани барилгын материалын үйлдвэрүүдийнхээ эрчим хүчний хэрэглээнд зориулж нийт 40МВт хүчин чадалтай НЦС ашиглалтад оруулаад байгаа бол зэс боловсруулах үйлдвэр, нүүрсний уурхайдаа зориулж дахин 60 МВт гаруй хүчин чадалтай нарны цахилгаан станц барьж байна. “Оюу толгой” компани 150 МВт-ын хүчин чадалтай салхин станц байгуулж, APP буюу эрчим хүч худалдан авах гэрээ байгуулахаар ажиллаж байгаа бол “Эрдэнэс Тавантолгой” компани баяжуулах үйлдвэрийнхээ эрчим хүчний хэрэглээнд зориулж 50 МВт-ын НЦС барихаар бэлтгэж байна. Энэ мэтчилэн томоохон компаниуд, алслагдсан бүс нутгийн уурхайнууд өөрсдийн эрчим хүчний хэрэглээгээ СЭХ-ээр хангах чиглэлээр хэдийнэ ажиллаад эхэлсэн. Үүнээс гадна сүүлийн нэг, хоёр жилд уул уурхайн компаниуд цахилгаан, батарей бүхий ногоон техникүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх сонирхол хүчтэй ажиглагдаж байна. Монголын уул уурхайд аль 20-иод жилийн өмнөөс л анхны цахилгаан экскаваторууд нэвтэрсэн байдаг. Одоо ч зэс, нүүрсний томоохон уурхай бүрд цахилгаан экскаватор ажиллаж байгаа. Гэхдээ эрчим хүчний найдвартай нийлүүлэлтийн эрсдэлээс хамааран ногоон техникүүдийг өргөнөөр хэрэглэх боломж бололцоо тэр бүр бүрдэхгүй байгаа юм. Харин сүүлийн хэдхэн жил энэ чиглэлийн технологи дэлхий даяар хурдтай хөгжиж, бие даасан сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, түүнтэй уялдсан цахилгаан, батарей бүхий өөрөө буулгагч машин болон тээврийн машинуудын цогц системүүд хэрэглээнд нэвтэрч байна. 

Монголын уул уурхайд ч эхнээсээ туршилт судалгаанууд хийгдэж байна. Дизель түлшний үнийн өсөлт, нийлүүлэлтийн тасалдал нь уурхайнуудыг ийм шинэ технологи, шинэ систем рүү шилжихэд түлхэц өгч байна гэхэд ч болохоор. Нэг талаасаа хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулж, нөгөө талаасаа түлшний өндөр зардлыг бараг 50 хувиар бууруулж, үйл ажиллагааны ашигт ажиллагааг дэмжсэн шинэ технологиуд нь Монголын уул уурхайд нэвтрэх нь цаг хугацааны л асуудал биз ээ. “Майнинг Инсайт” сэтгүүл энэ удаагийн дугаараа Монголын уул уурхайнкомпаниудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийг бууруулах зорилгоор СЭХ, ногоон технологийн хэрэглээ нь ямар бай гаа, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт нь хэр байгаа талаар цогц агуулгыг бэлтгэн уншигдадаа хүргэж байна.