Монгол Улс: Чухал ашигт малтмалын шинэ мөчлөгийн өмнө

Э.ОДЖАРГАЛ

Монгол Улс чухал ашигт малтмалын жагсаалтад 21 эрдэс оруулахаар төлөвлөжээ. УИХ-д өргөн барихаар зэхэж буй Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслөөр Чухал ашигт малтмалын тухай зохицуулалт батлагдвал Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас боловсруулсан жагсаалтаа Засгийн газарт өргөн барих юм. Энэхүү жагсаалтад багтаахаар төлөвлөж буй эрдсүүдийн мэдээллийг шинэ дугаарынхаа тэргүүн нийтлэлд онцоллоо. 

Гадаад зах зээлд нэн эрэлт хэрэгцээтэй, өндөр технологийн голлох түүхий эдийн металлуудын нөөцийг манай улс эдийн засгийн эргэлтэд оруулах, улмаар эрдсийн экспортоо төрөлжүүлж уул уурхайн салбараа шинэ түвшинд гаргахаар эрмэлзэж байна. Чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг зарлах эрхзүйн үндсийг бүрдүүлж, тусгайлсан бодлого хэрэгжүүлнэ гэдгээ АҮЭБЯ-наас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр зарласан. Дэлхийн критикал минералын зах зээлд геополитикийн хувьд Монгол Улс чухал байр суурь эзлэх боломжтой гэж мэргэжилтнүүд хэлдэг ч үнэндээ энэ төрлийн ашигт малтмалын шинэ ордуудын нээлт хомс, геологи хайгуул хангалтгүйг бас сануулж ирсэн. 

Олон шинэчлэлийг агуулсан АМтХ-ийн хуулийн өөрчлөлтөд туссан нэг чухал зорилт бол Монгол орны эрэл судалгааг идэвхжүүлж, геологийн хайгуулын ажлыг өргөжүүлэх явдал. Өнөөдөр улсын хэмжээнд хайгуулын 1057 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бөгөөд хамгийн оргил үедээ 6000 дөхөж байсан үзүүлэлттэй харьцуулбал хайгуулын салбар үндсэндээ хаалттай хэвээр байна. Тиймээс энэ салбарыг нээлттэй болгож, тэр хэрээр хөрөнгө оруулалт татан, бодлогоор дэмжих нь чухал гэгдэх ашигт малтмалын бодит эрэлт хэрэгцээ, хөгжин тэлж буй зах зээл дэргэд байна. 

Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь энэхүү стратегийн өөрчлөлт, шинэчлэл нь дэвшилтэт технологиор дэлхийд тэргүүлэх амбицтай БНХАУ ын XV таван жилийн төлөвлөгөө эхэлж байгаатай давхцаж буйгаараа нэн сонирхолтой. Хятад улсын цэвэр эрчим хүчний шилжилт, технологи дэвшил, аж үйлдвэрлэлээ дижиталчлах бодлого нь чухал ашигт малтмалын эрэлтийн шинэ давлагаа гэж судлаачид тодорхойлж буй. Манай улсын гадаад худалдааны хамгийн том түнш орны ирэх таван жилийн чиг хандлага нь Монгол Улсад стратегийн шинэ боломжуудыг нээнэ гэж Хятад судлаач, доктор Т.Чулуун Эрдэнэ үзэж байна. Гэхдээ... 

Манай улсын эдийн засгийн тулгуур, төсвийн гол орлогыг бүрдүүлдэг уул уурхайн үйлдвэрлэл зогсох эрсдэл бодитой үүсэж ойрын шийдвэрлэх асуудал болоод байна. Гадаад нөхцөл байдал хурцдаж, олон улсад түлшний хямралтай тулгарсан энэ цаг үед манай улс бензин шатахууны хэрэглээ, тэр дундаа уул уурхайн дизель түлшний хамаарлаа бодитоор үнэлж, эрсдэлээ дахин харах шаардлага тулгарч байна. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ, дизель түлшний нийлүүлэлтийг таслахгүй байх, хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх талаар манайх тодорхой санал Оросын талд тавьсан бөгөөд энэ асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Москва хотноо томилолтоор ажиллах аж. 

Түүхий тосны нөөцтэй хэдий ч өнөөдөр Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгнийхээ 99 өөс дээш хувийг импортоор хангаж байна. Нөөцөө дотооддоо боловсруулж, эхний ээлжинд хэрэглээнийхээ талаас дээш хувийг хангах Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 8 дахь жилдээ үргэлжилж байна. БНЭУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй уг төслийн нийт өртөг 1.6 гаруй тэрбум ам.доллар. Гэрээлэгчид бүгд шалгарчихсан, гэрээнүүд байгуулагдаж бүх тоо ойлгомжтой, тодорхой болсон тул одоогийн өртөг нэмэгдэхгүй гэдгийг Д.Алтанцэцэг захирал хэлсэн юм. Инженерингийн төвөгшилтэй цогцолбор үйлдвэрийн барилга угсралт, хилийн чанад дахь тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн явц, ГТБҮ ашиглалтад орохоос өмнө төр засгийн түвшинд шийдвэрлэх хэрэгтэй асуудлуудын талаар тэрээр нээлттэй ярилцсаныг сэтгүүлийн дугаараас уншина уу. Энэ нүсэр бүтээн байгуулалтад түлхэц болох Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг энэ өдрүүдэд төр засаг хэлэлцэж байна.