Төгрөг нуурын ордыг стратегийн орд болгоно

Н.АРИУНТУЯА

Төв аймгийн Баян сумын нутагт орших Төгрөг нуурын нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад шинээр нэмэхээр холбогдох тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа аж. 

Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх эрх зүйн шинэ зохицуулалтыг боловсруулж байгаа бөгөөд энэ хүрээнд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх тухай” хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Хуулийн төсөлтэй хамт стратегийн ордын жагсаалтад өөрчлөлт оруулахаар болжээ. 

Уг өөрчлөлтөөр Төгрөг нуурын нүүрсний ордыг стратегийн ач холбогдолтой ордоор бүртгэхээр төлөвлөсөн байна. УИХ-ын 2007 оны “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад Төгрөг нуурын нүүрсний ордыг шинээр нэмнэ гэсэн үг. 

УИХ 2007 онд 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар стратегийн ач холбогдол бүхий 15 ордыг баталсан бөгөөд хожим Гацууртын ордыг нэмснээр нийт 16 ордтой болсон. Мөн уг тогтоолын хоёрдугаар хавсралтаар стратегийн ач холбогдолтой байж болзошгүй 39 ордыг нэрлэж, нөөцийг нь нарийвчлан тогтоосны үндсэн дээр шаардлагатай тохиолдолд стратегийн ач холбогдолтой ордод хамруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгасан байдаг. 

Төгрөг нуурын орд нь энэхүү 39 ордын нэг юм. 

Төгрөг нуурын ордыг стратегийн ордын жагсаалтад оруулах асуудлыг Ерөнхий сайд Н.Учрал 2025  оны гуравдугаар сарын 31-нд УИХ-ын хаврын чуулганы үеэр анх хөндөн тавьж байв. Тэрээр тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахалж байсан юм. Тухайн үед, стратегийн ач холбогдолтой гэж үзсэн 39 ордын асуудал олон жилийн турш шийдэгдээгүй явж ирсэн бөгөөд тэдгээрийн нэг болох Төгрөг нуурын ордын үр өгөөжийг Монголын ард түмэнд хүртээх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж, тус ордтой холбоотой өмчлөлийн болон компанийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон талаараа мэдээлж байсан юм.

Үүний дараа Засгийн газраас Төгрөг нуурын бүлэг ордтой холбоотой хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тодруулбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч компани ордын нөөцөд үндэслэн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан боловч хуульд заасан хугацаанд олборлолтын үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай гэрээ, зөвшөөрлөө бүрэн шийдвэрлээгүй гэж үзэн “Төгрөгнуурын Энержи” ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, ордын лицензийг “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Мөн тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Төгрөг нуурын ордыг стратегийн ордын жагсаалтад хамруулах асуудлыг шуурхай боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгч байсан юм. 

Төгрөг нуурын бүлэг орд нь 20-30 км үргэлжлэх талбай бүхий, урьдчилсан тооцоогоор гурван тэрбум тонн орчим хүрэн нүүрсний нөөцтэйд тооцогддог. Энэхүү ордод 1951-1986 оны хооронд улсын төсвийн хөрөнгөөр нийт долоон удаагийн урьдчилсан хайгуулын ажил хийсэн байна.