
Дэлхийн геполитик, хүчний тэнцвэр өөрчлөгдөж буйтай зэрэгцэн уул уурхайн салбарт ч мөн адил түүхий эдийн нийлүүлэлтийн хэлхээнд томоохон өөрчлөлт орж эхэлж байна. Энэ бол Саудын Араб тэргүүтэй улсуудын уул уурхайн салбар дахь идэвхжил хэдхэн жилд огцом нэмэгдсэнтэй холбоотой юм. Дэлхийн эрдэс түүхий эдийн нөөцийн гол төв гэгдэх Африк тив, түүний зүүн хойно байрлах Булангийн орнууд, хаяа залгасан Төв Азийн улсууд гэсэн газарзүйн хувьд хил залгаа бүс нутгийнхан уул уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээнд хүчтэй орж ирж байна. Харилцан ашигтай хамтын ажиллагааг суурь зарчмаа болгож, шинэ технологи-инновац, ирээдүйн мэргэжилтэн-ажиллах хүч, хөрөнгө оруулалт гээд ирэх жилүүдэд уул уурхайн салбарт хамгийн тулгамдах асуудлуудыг Саудын Араб улсын нийслэл Рияд хотноо 5 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Future Minerals Forum-аар хэлэлцлээ. Майнинг Инсайт сэтгүүл энэ жилээс уг форумын албан ёсны мэдээллийн түншээр ажиллаж, тус форумын дэлгэрэнгүй сурвалжилгыг энэ удаагийнхаа дугаараар уншигч Танд хүргэж байна. Дэлхийн уул уурхайн салбарт өрнөж буй үйл явдлууд, улс орнуудын Засгийн газрын тээж буй амбиц, хэрэгжүүлж буй бодлого, томоохон компаниудын алсын зорилго гээд олон улсын мэдээллийг уншигчдадаа хүргэхээр Майнинг Инсайт сэтгүүл үргэлж хичээн зорьж яваагийн илрэл юм.
Зэс олборлолтоор дэлхийд тэргүүлдэг “Коделко” компанийн ТУЗ-ийн дарга Максимо Пачекотой хийсэн Майнинг Инсайтын тусгай ярилцлага болон Future Minerals Forum дээр уул уурхайн салбарын нөлөө бүхий лидерүүдийн тавьсан илтгэлээс онцлон уншигчдадаа хүргэж байна. Мөн Саудын Арабын төдийгүй дэлхийн уул уурхайн салбарт нөлөөгөө улам бүр тэлж буй Maaden компанийн хэрэгжүүлж буй хамгийн том алтны уурхайгаас хийсэн сурвалжилгыг толилуулж байна. 2025 он дэлхийн уул уурхайн салбарын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх жил болж байна. Алт, зэс, мөнгө гээд металлуудын ханш түүхэн дээд цэгтээ хүрч, уурхайчид амсхийх завгүй жилийг өнгөрөөв. Эрдсийн захын ирээдүйн чиг хандлагыг дагаж, уул уурхайн салбарын гигантууд өөр хоорондоо нэгдэх процесс ид хүчээ авч байна. Хамгийн их анхаарал татсан Rio Tinto болон Glencore-ын нэгдэх хэлцэл бүтэлгүйтсэн цаад учир шалтгаан юу байсан талаар энэ удаагийн дугаараас уншаарай. Монголын уул уурхайн салбарт ч амжилт арвин хийгээд алдагдал чамгүй жил өнгөрлөө. Зэсийн үнийн өсөлтийг дагаж зэсийн экспорт түүхэн дээд цэгтээ хүрлээ. Оюутолгойн үйлдвэрлэл дээд цэгтээ хүрч 345 мянган тонн зэс олборлож, экспортлоод байна. Тэр хэрээр “Оюутолгой” компани анх удаа Монголын хамгийн их татвар төлөгч компани болж байна. Харин нүүрсний үнийн бууралтай тулсан ч Монголын нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч шинэ дээд амжилт тогтоов. Гэхдээ хамгийн том экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компанид үнийн уналт хүчтэй нөлөөлж, борлуулалтын орлого 40 гаруй хувиар буурчээ.
Түүхий эдийн зах зээл, тэр дундаа өнгөт металлын зах зээлийн эерэг дүр зураг Монголын уул уурхайн салбарын бүтцийг өөрчлөх болов уу гэсэн горьдлогыг салбарынхан тээсээр явна. Алт, зэсийн төслүүдээ дэмжиж, бүтээн байгуулалтыг нь урагшлуулахыг уурхайчид хүлээж байгаа. Засгийн газар ойрын хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж, хуулийн төслөө оролцогч талуудад танилцуулж байна. Уг хуулийн төсөл батлагдвал зэсийн өндөр АМНАТ буурч, хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох гээд уул уурхайн салбарт тулгамдаж цөөнгүй асуудлыг шийдвэрлэхэд нэмэр болох учиртай. Майнинг Инсайт сэтгүүл энэ дугаартаа Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы тусгай ярилцлагыг хүргэж байна. Монгол Улсын эрдсийн экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай төмөр замын төслүүдийн бүтээн байгуулалтын явц ямар байгаа, хөрш орнуудтай хийж буй яриа хэлцлийн явц, шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр замын төслүүдийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг Майнинг Инсайт уншигчдадаа хүргэж байна.




















