С.БОЛД-ЭРДЭНЭ
Нэг сонирхолтой эсрэгцэл энэ сард тодоор дурайв. Ерөнхий сайд Н.Учрал улсын төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр тасарч байгааг дуулгаад төсөвт тодотгол хийж магадгүй гэв. Багш, эмч нарын цалинг нэмсэн зэрэг нь улсын төсвийн зардлыг нэмэгдүүлж байна. Үүний хажуугаар татварын багц хуулийн шинэчлэл эрчимтэй яригдаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах талаар Ерөнхий сайд Н.Учрал өөрийн амаар мэдэгдсэн. Татварын ачааллыг бууруулах нь улс төрийн ПиАр гэхэсээ илүү олон нийтийн хүсэлд нийцэж байгаа. Тэгвэл татварын ачааллаа бууруулах юм бол орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал зайлшгүй ургаж гарч ирнэ.
Эхний 4 сард Монголын уурхайчид урьд байгаагүй амжилттай үр дүн гаргаж байна. “Оюутолгой” компани эхний улиралд үйлдвэрлэл, орлого нь төлөвлөснөөсөө багадаа 10 хувиар өссөнийг мэдэгдсэн. Энэ эрчээ хадгалвал энэ онд 2.6 тэрбум ам.долларын эерэг мөнгөн урсгалтай ажиллаж, өр зээлээ төлж барагдуулж, хувь эзэмшигчдэдээ өгөөжөө хүртээх хугацаа улам бүр наашлах дүр зурагтай байна. Нөгөө талд нүүрсний экспорт урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч өслөө. Эхний 4 сард 39 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн галзуу үр дүн байлаа. 2022 он хүртэл Монгол Улс жилд ихдээ 31 сая тонн нүүрс экспортолдог байсан шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой”-н экспорт сэргэсэн нь хамгийн том нөлөөг үзүүлсэн хэрэг. Ингээд харвал “Оюутолгой”-н үйлдвэрлэл дээд хүчин чадалдаа хүрэхэд ойртож, “Эрдэнэс Тавантолгой”-н экспорт багадаа 5 сая тонноор өсөх дүр зурагтай байна. “Эрдэнэт үйлдвэр” гээд бусад уул уурхайн компаниудын гүйцэтгэл ч сайн гарч байгаа. Нэмээд алт, зэсийн үнэ өндөр байж, нүүрсний үнэ тогтвортой байна гээд Монголын уул уурхайн салбар хамгийн оргил жилээ энэ жил бүтээж магадгүй байна. Гэсэн ч төсвийн орлого зардлаа нөхөж чадахгүй, алдагдалтай гарч байдаг. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Нарийнсухайт гээд том стратегийн ордууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад байхад шүү дээ.
Яг энэ эсрэгцэл дээр Монголын уул уурхайн салбар ямар жижигхэн юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдоно. Товчхоноор бол саалийн 4, 5-хан үнээтэй байна гэсэн үг. Тоотой хэдийг эс тооцвол стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд ороогүй, үр өгөөжөө өгөхгүй байгаа гэдгийг энд сануулмаар санагдана. Стратегийн бүх ордуудаа ашиглаж эхлэх, цаашлаад шинэ орд нөөцүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь ойрын жилүүдийн Монголын төрийн хийх ёстой хамгийн чухал ажил болж байгааг өнөөгийн нөхцөл байдал тод томруунаар харуулж байна. Гэхдээ зөвхөн өнөө маргаашийн хэтэвчний асуудлаа шийдэх шалтгаар биш дунд, урт хугацаанд тогтвортой эдийн засгийг бий болгох зорилгын үүднээс хандах нь илүү чухал.
Энэ байдлаар бол Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн ордыг гадаадын хөрөнгө оруулагчдад “бэлэглэх” нь хамгийн буруу шийдэл болж таарна. Ойрын 10-15 жилд “Эрдэнэс Тавантолгой”-н хамгийн том худалдан авагчид нь Хятадын төрийн өмчит “Чалко”, “Норинко” гээд аварга компаниуд байх болно. Үүн дээр Тавантолгойн ордын Ончхараат, Бортолгойг “Чайна Энержи” компани ашиглахаар гэрээлсэн. Нэмээд Бортээгийг өөр нэг Хятадын төрийн өмчит компанид өгөх нь стратегийн хувьд, бас бодлогын хувьд оновчтой шийдвэр мөн үү гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Засгийн газар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв. Уг хуулийн өөрчлөлтийн амин сүнс нь одоогийн цөөн хэдэн уурхай, компаниудаа “шантаажилж” буй дүр зургийг өөрчилж, илүү олон орд, нөөц нээх, удтал гацсан ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэж байгаа. Угаас ийм шийдлийг одоогийн нөхцөл байдал шаардаж байгааг “Майнинг Инсайт” энэ удаагийн дугаартаа онцолж байна.


























