Засгийн газрын ээлжит хуралдаан (2026.05.06)-аас стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын талаарх шийдвэрийг ЗГХЭГ-ын Дэд дарга Д.Цолмон танилцууллаа.
Тэрбээр “УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудыг тодорхойлсон байдаг. Үүнд нийт 16 ордыг хамруулснаас долоон ордод төрийн хувь эзэмшил тогтоогдсон. Бусад найман ордод төрийн эзэмшил тогтоогдоогүй, хувийн хэвшил тусгай зөвшөөрлийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байна.
Ажлын хэсгийн зүгээс энэхүү хэлэлцээрт бэлтгэж, тухайн ААН-ээс санхүү, татварын тайлангууд, бусад шаардлагатай мэдээллүүдийг татан авч, судалж байгаа. Үүний үндсэн дээр төрд ногдох өгөөжийн тооцооллыг хийсэн. Санхүүгийн загварыг боловсруулж, ААН-үүдтэй уулзалтыг зохион байгуулж явсан. Үүний үр дүнд дөрвөн ААН зарчмын хоёр асуудалд харилцан тохиролцсон. Энд тухайн тусгай зөвшөөрлийн талбайд хувь хэмжээг тохирч, мөн орд ашиглалтын 60 хувьтай тэнцэх үр өгөөжийг ард түмэн хүртэнэ гэдгийг урьдчилсан байдлаар тохирсон.
Бусад ААН-үүд энэхүү хэлэлцээнд идэвхгүй оролцож байгаа. Өөрөөр хэлбэл шаардсан материал, тайлан, судалгааг ирүүлэхгүй байна. Ингэснээр Засгийн газрын зүгээс өгөөжийг тооцоход хүндрэлтэй байна. Мөн өгөөжийг тодорхойлох нэгдсэн, хуульчилсан тодорхойлолт байхгүй учраас харилцан адилгүй ордуудад тооцох нөхцөл байдал үүсэж байна. Зарим ордуудын ТЭЗҮ шинэчлэн батлагдаагүй учраас санхүү, өгөөжийг тооцоолох мэдээлэл бүрдээгүй. Тиймээс эдгээр ААН-тэй хэлэлцээр хийхэд удаашрал үүсэж байна. Үүнийг харгалзаж өнөөдрийн хуралдаанаас иргэдийн өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч нарт тодорхой, ойлгомжтой орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагын улмаас бие даасан хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуримтлалын санд 2024 онд 495.6 тэрбум төгрөг, 2025 онд 507.1 тэрбум төгрөг, 2026 онд 448.7 тэрбум төгрөг, нийт 1.4 их наяд төгрөгийг төвлөрүүлж, иргэдийн хуримтлалын санд адил тэнцүү хуваарилагдана. 2025 оны сүүлийн байдлаар 306 мянган төгрөг иргэн бүрийн хуримтлалын санд үүссэн. 2026 оны эцэст 500 мянган төгрөгт хүрнэ. Цаашдаа стратегийн ордын хэлэлцээг амжилттай хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, түүнийгээ тусгай АМНАТ-өөр орлуулах хувилбарыг сонговол энэ хуримтлалын сан тэр хэмжээгээр өсөж, иргэн бүрийн 500 мянган төгрөг өсөх боломж нь бүрдэнэ” гэв.



















