Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Эрдэс баялгийн салбарын хууль, эрх зүйн орчинд өөрчлөлтийн салхи сэвэлзэж эхэллээ. Нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд шинэчилсэн найруулга, цоо шинэ хуулиудыг хамарсан энэхүү зохицуулалтууд салбарын тогтолцоогоо эргэн харж, ирээдүйн хөгжлийн чигийг тодорхойлох зорилготой. Чухам энэхүү шилжилтийн мөчлөгт бид арваннэгдүгээр сарын дугаараа зориуллаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням салбарын сайдын байр сууринд ажиллаж буй хагас жилийн хугацаанд таван хуулийг шинэчлэх зорилт дэвшүүлээд буй нь энэ салбарт хийгдэх өөрчлөлтүүдийн цар хүрээг илтгэж байна.
Тэдгээрийн хоёр нь цоо шинэ хууль, нэг нь шинэчилсэн найруулга, үлдсэн хоёр нь нэмэлт, өөрчлөлт хэлбэртэй. Ашигт малтмалын тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулахын зэрэгцээ хүнд үйлдвэрийн салбар бие даасан эрх зүйн зохицуулалттай болохоор төлөвлөгдөж байна. Харин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хууль яаралтай горимоор УИХ-аар батлагдсан нь энэхүү шинэчлэлийн эхний бодит үр дүн юм. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барихад бэлэн болсон бол бусад хуулийн төсөл ид боловсруулагдаж байна. Салбарын үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга нь баялгийн өгөөжийг шударгаар хуваарилах, орон нутгийн оролцоог бодит болгох, хайгуулын орчныг сэргээхэд чиглэжээ. Мөн зэсийн АМНАТ-ийг бодит нөхцөлтэй уялдуулах, хайгуулын лицензийг өргөдлөөр олгох, чухал ашигт малтмалын харилцааг тодорхой болгохыг зорьсон нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах эерэг дохио болохоор байна. Газрын тосны хувьд дотоодын боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой хангах, олборлолт, боловсруулалтыг уялдуулах шинэчлэл агуулж байгаа нь эдийн засгийн хувьд зайлшгүй хийх ёстой алхам юм. Онцгойлон анхаарал татаж буй нэг чиг хандлага бол критикал минерал болон түгээмэл тархацтай ашигт малтмалуудыг Ашигт малтмалын тухай хуулиар нэгтгэн зохицуулах шийдэл. Үүний зэрэгцээ газрын тосны бүтээгдэхүүнийг хатуу ашигт малтмалтай адил түвшинд авч үзэхээр болж байна. Эдгээрийг ашигт малтмалыг төрөл бүрээр нь шахам салган, тусгай хуулиар зохицуулж ирсэн олон жилийн тогтсон хандлагыг эвдсэн томоохон эргэлт гэж хэлж болохоор байна. Энэ бүх бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийн цаад зорилго, түүний хөрөнгө оруулалтын орчинд үзүүлэх нөлөөг Г.Дамдинням сайдын ярилцлага илүү тодорхой тайлбарлах болно.
Өнгөрсөн алдаанаасаа суралцаж, ирээдүйн боломжийг нээхийг зорьсон эдгээр хуулийн шинэчлэлийн үзэл санааг бид шинэ дугаартаа дэлгэрүүлэн хүргэж байна. Учир нь Монголын уул уурхай, газрын тосны салбарын ирээдүй эрх зүйн орчны нөхцөл байдалтай салшгүй холбоотой. 2013 оноос эхтэй Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах оролдлогууд олон нийтийн гэхээсээ салбарынхан болоод улс төрийн босгыг давж чадаагүй ч тэдгээрээс авсан сургамж нь өнөөгийн шинэчлэлийн үндэс болж байна. Энэ удаад бүхэл бүтэн тогтолцоог эвдэн өөрчлөх бус, харин хамгийн тулгамдсан, хөгжлийг гацаасан асуудлуудыг оновчтойгоор сугалан авч, шийдвэрлэхийг зорьж буйгаараа онцлог. Хөрөнгө оруулалтын орчинд үүссэн үл итгэлцэл, орон нутгийн эсэргүүцэл, стратегийн орд гэх ойлголтын тодорхой бус байдал, татварын тогтолцооны зарим хүндрэл зэрэг нь салбарыг урагшлуулах бус, харин гацаах хүчин зүйл болж хувирсан. Одоогийн шинэчлэлийн гол сорилт бол хуримтлагдсан эдгээр гацааг бодитойгоор тайлах явдал. Салбарын хөгж лийг тушсан, шинэ төслүүдийн замыг хаасан гацаанууд тайлагдаж чадвал бодит өөрчлөлт гарах нь тодорхой. Түүнчлэн байгалийн баялгийн өгөөжийг орон нутгийн хөгжлийн бодит дэмжлэг болгож чадах хуваарилалт, хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх АМНАТ ийн механизм, стратегийн орд гэсэн ойлголтын шинэчлэл нь Парламентийн босгыг давж чадвал салбарт урагшлах эрч хүчийг бий болгохоор байна. Иймээс бид энэ удаагийн дугаарт эрдэс баялгийн салбарын хуулийн өөрчлөлт, шинэ зохицуулалтын талаар талуудын байр суурийг тодруулахыг зорьж, ялангуяа Парламентын үүрэг, хариуцлагад илүүтэй анхаарал төвлөрүүллээ. Үүнтэй зэрэгцэн Засгийн газраас дэвшүүлж буй шинэчлэлийн бодлого, ирэх таван жилийн хөгжлийн чиг хандлага эрдэс баялгийн салбарт ямар өөрчлөлт авчрах талаар Ерөнхий сайдын Ахлах зөвлөхийн ярилцлага уншигч танд шинэ өнцөг, бодит мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна.


















