Түлш, шатахууны үнэ өсөхгүй гэдгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Тэрбээр, "ОХУ-ын Эрчим хүчний сайд, Байгалийн нөөцийн сайд болон Роснефть компанийн захирал, Газпром компанийн захиралтай уулзсаны үр дүнд дизель түлш (ДТ), АИ-92, АИ-95, АИ-98, онгоцны түлшийг ОХУ-ын дотоодын зах зээлд суурилсан үнээр авна. Тавдугаар сард ДТ-ийг 1630 гаруй ам.доллароор авах байсан бол 1200 ам.доллароор авахаар болсон.
ОХУ-ын дотоодын зах зээлд суурилсан үнэ гэдэг нь тус улсын Засгийн газар ААН-үүдэд татаас өгдөг. 100 төгрөг өгөх байсан бол 60 төгрөг өгдөг. Цаана нь 40 төгрөг хөнгөлж байна. Тэр хэмжээний хөнгөлөлтийг авч байна. Санкт-Петербургийн биржийн үнээр авдаг болсон. Ний нуугүй хэлэхэд өөрсдөө газрын тос нэрдэггүй, бүтээгдэхүүн хийж чаддаггүй улс орнуудтай харьцуулахад бараг хамгийн хямд үнээр авч байна гэсэн үг.
Тавдугаар сард ДТ-ний үнэ литр тутам 6700 төгрөг болох байсан бол хэлэлцээрийн үр дүнд одоо байгаа 4300 төгрөг хэвээр үлдэнэ.
Хэрэв түлш, шатахууны үнийн нөхцөл байдал сайжрахгүй бол оны төгсгөл гэхэд 1.8 их наяд төгрөгийн ачаалал иргэд, аж ахуйн нэгжид очих байсныг авч чадлаа" гэв.





















