Г.Дамдинням: Оюутолгойн хэлэлцээрт Засгийн газар тодорхой стратегийн тактик гарган ажиллаж байгаа

Засгийн газрын ээлжит хуралдааны (2026.05.06) дараагаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Оюутолгойн хэлэлцээрийн явцтай холбоотой мэдээлэл хийлээ. 

Тэрээр “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан хоёр Ажлын хэсэг ажиллаж байна. Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүтэй холбоотой асуудлыг хариуцан Сангийн ажиллаж байна. Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авах хэлэлцээрийг ахлан АҮЭБ-ийн сайд ажиллаж байна. Хэлэлцээрийн үйл ажиллагааг тасалдаж буй зүйл үгүй. маш эрчимтэй явагдаж байгаа. Бичгээр байнга харилцаж байна. Бид саналаа удаа дараа тавьж буй. Хэлэлцээр бодит үр дүнтэй явагдаж байгаа. Нэгт, зээлийн хүүг хэлэлцэх хэлэлцээрийн 7 жилийн “түгжээг” бид авч хаясан. Хоёрт, хэлэлцээрийг заавал үр дүнд хүртэл хэлэлцэнэ гэсэн тохиролцоонд хүрч чадсан. Гуравт, олон улсын жишигт нийцсэн хэмжээнд зээлийн хүүг, менежментийн төлбөрийг хүргэнэ гэсэн шийдлүүд явагдаж байна. 

Тавдугаар сарын 12-нд Rio Tinto--ийн талаас хэлэлцээрийн баг Монголд ирнэ. Тус багтай хоёр Ажлын хэсэг үргэлжлүүлэн хэлэлцээрээ хийнэ.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэлэлцээрийн багийн бүтцийн хувьд ЗГХЭГ-ын даргаар нэгдэж зангидах зарчмын шийдлээр ажиллана. Ажлын 3 дэд хэсэг болон Ерөнхий Ажлын хэсэг ойрын өдрүүдэд хуралдаад явна. Монголын нийт ард иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Засгийн газар тодорхой стратегийн тактик гарган ажиллаж байгаа бөгөөд энэ асуудлыг нууцын горимтойгоор хэлэлцэж байна. Товчдоо хэлэлцээр идэвхтэй явагдаж байна. 

Онтрэ-ийн асуудлын тухайд хэлэлцээр дээр Ажлын хэсэг байгуулагдсан яваа. Энэ асуудлаар хэлэлцээр хийгдэнэ. Гэхдээ бид Монгол Улсынхаа эрх ашгийг хангуулах Хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулна. Ингэхдээ хувь хэмжээ гэхээсээ илүүтэй АМНАТ-өөр асуудлыг ярилцана. Үндсэн асуудлуудаа шийдэж байж дараагийн асуудал руу орно гэсэн зарчмын байр суурьтай байна” гэв.