Пионер

Монголын уул уурхайн CEO эмэгтэйчүүд

Н.АРИУНТУЯА 

Mонгол Улсад сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд улс орны стратегийн түвшний хэлэлцээрт оролцох, том бизнес, төслийн бүтээн байгуулалтыг гардан удирдах зэргээр өндөр байр сууринд цөөн боловч ажиллаж эхэлсэн нь чухал ахиц дэвшил юм. Тэр тусмаа сүүлийн хоёр гурван жилийн нэг содон үзэгдэл гэхүйц зүйл нь Монголын уул уурхайн томоохон компаниудын гүйцэтгэх удирдлагын түвшинд эмэгтэйчүүд хүчтэй гарч ирж буй явдал. 

Төрийн, хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн том болон томоохон компаниудын түвшинд одоогоор 17 эмэгтэй гүйцэтгэх удирдлагаар томилогдон амжилттай ажиллаж байна. Эдгээр эмэгтэйчүүд 40 гаруй мянган эрчүүд ажилладаг эрдэс баялгийн салбарт уул уурхайн томоохон компаниудыг алсын хараатай, шийдэмгий удирдан, хүчирхэг соёлыг бий болгож байна. 

Тэдний карьерын замнал олон олон охид бүсгүйчүүдэд урам зориг, үлгэр дуурайл болох нь дамжиггүй. Цаашлаад бусад компани хийгээд нийгэм, олон нийтэд санаа сэдэл өгснөөр эрчүүдийн салбар хэмээх далд ухамсарт тогтсон хэвшмэл хандлага, ойлголтыг өөрчлөхөд ч үр нөлөөтэй. Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн орон зайг бий болгож, удирдлагын түвшинд манлайлал үзүүлж буй эдгээр эмэгтэйчүүдийн намтар, бизнесийн замналыг таниулах нь салбар дахь эмэгтэйчүүдийн төлөөллийн ялгааг арилгах, жендэрийн тэгш бус байдлыг халахад зохих хувь нэмэртэй юм. Үүний тулд 17 Гүйцэтгэх захирал бүсгүйчүүдийн дүрээр цуврал хөрөг нийтлэл бүхий сэтгүүл зүйн контент бүтээж, олон нийтэд хүртээмжтэй түгээж, нийгэм дэх хэвшсэн ойлголтыг залруулахад хувь нэмрээ оруулах нэгэн шинэ төслийг Mining Insight сэтгүүл эхлүүлж байна. 

Энэхүү цувралын эхэнд “Монполимет” группын Гүйцэтгэх захирал С.Энхтуяаг хүндэтгэн урьсан юм. Эмэгтэйчүүдийн манлайллыг тодруулснаар бусдын ард чимээгүйхэн хөдөлмөрлөдөг мянга мянган эмэгтэйчүүдэд урам зориг өгөхийг зорьсон билээ. Монголын уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн төлөөллийн ялгааг арилгах, жендэрийн тэгш бус байдлыг халахад хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл маань ийнхүү бодит ажил болж эхэлж байгаад баяртай байна.  

ПИОНЕР

Mонгол Улс зах зээлд шилжээд 8 жил, Улсын барилгын зургийн төв институтийн лабораториас үндсээ авсан компани “Монполимет” болж өөрчлөн байгуулагдаад 4 жил болж байхад С.Энхтуяа тус хамт олны нэгэн эд эс болж очсон бөгөөд 4 жилийн дараа уурхайн даргаар томилогджээ. Тэр үед “Монполимет” компани манай улсын шинэ үеийн уул уурхайн 30 жилийн хамгийн гунигт түүх, онцгүй ул мөрийг тээж үлдсэн, одоо ч гүнзгий шархтай Заамарт алт олборлож байлаа. Монголын “алтны Клондайк” гэгдсэн Заамар руу бүгдээр хошуурч, хаа сайгүй хулгана шиг нүхлэн сэндийчиж асан тийм үе цаг. Ерөөс Заамар бол Монголын алтны ертөнцийн хамаг сайн муу бүхнийг хольж сүлсэн, гэвч саар нь илүү давамгайлсан газар билээ. Монгол хэлний үгийн санд язгуурын үг шиг бат сууршсан нинжа гэх үг хүртэл тэндээс гарсан гэдэг. Нинжа, уул уурхайн компанийг ялгаж зааглах аргагүйгээр холилдсон зах замбараагүй бужигнаан дундуур хүүхнүүд Заамарт уурхай хийж, уулын ажлыг удирдаж байв. Тэр нь Баянголын дэнжийн орд. Тийм гоё уулын ажлаа төлөвлөсөн, тэгшхэн явдаг уурхай тэгэхэд байгаагүй гэдэг. Хачин ороо бусгаа цаг үеийг туучин нинжатай холилдчихгүй шиг уурхай ажиллуулсан, тэгээд хүүхнүүд удирдсан гээд өнөөдрөөс төсөөлөхөд кино шиг л санагдана. Хүүхнүүд гэдэг нь компанийн захирал Ц.Гарамжав, уурхайн дарга С.Цэцгээ, инженер С.Энхтуяа, Ц.Туяа нар. Цор ганц эрэгтэй нь Л.Эрдэнэчимэг гэх эмэгтэй нэртэй механикийн инженер байв. Тэр үед Канадын Golden Tiger компанийн мэргэжилтнүүд уурхайн карьерийг ирж үзчихээд, хүүхнүүд ингэж гоё уурхай хийдэг ээ хэмээн шагшин магтаж байжээ. 2000-аад оноос өмнө бүсгүй хүн уурхайн дарга хийх нь битгий хэл уурхайд ажиллах нь ч ховор байв. Одоо ч эмэгтэй уурхайн даргатай газар Монголд байдаг эсэхийг мэдэхгүй. Байлаа ч цөөхөн байх. Цөөн гэдэг нь эмэгтэй хүн уурхай хийж чадахгүй гэсэн үг биш юм. Хийхээр зогсохгүй, хэрхэн сайн хийж байсны нэгэн жишээ гэвэл дээр дурдсан орд билээ. С.Энхтуяа тэр цөөн эмэгтэй уурхайн даргын нэг байв.

ӨЧИГДРӨӨС ИРСЭН ТҮҮХ

Түүн шиг уурхай гардан ажиллуулсан эмэгтэй ховор гэж олон жил хамтран ажилласан Л.Эрдэнэчимэг инженер ярьсан. Бас Тосонгийн уурхайн хоёр драгийг удирдан ажиллуулсан, тоон системийг уул уурхайд анх хэрэгжүүлсэн гэж бахдалтайгаар танилцуулсан билээ. Эмэгтэй нэртэй гэж өмнө өгүүлсэн Л.Эрдэнэчимэг инженер С.Энхтуяа захиралтай 24 дэх жилдээ хамт ажиллаж байна. Түүний “Монполимет”-ийн он жилүүдийг эхнээс нь мэдэх хүмүүсийн нэг. Хувь тавилан С.Энхтуяагийн зам мөрийг “Монполимет” руу чиглүүлсэн үе бол орчин цагийн уул уурхайн бизнесийн эхлэл тавигдаж асан адармаатай он жилүүд юм. Ардчилал, чөлөөт зах зээлийг сонгосон Монгол Улс эрдэс баялгийн нөөц боломжоо дэлхий даяар таниулахыг оролдон, гадаад дотоод гэхгүйгээр хөрөнгө оруулагчдыг урин дуудаж, хүссэн компани, хүн бүрт ашигт малтмал хайх, ашиглах тусгай эрхийг чөлөөтэй олгож эхлээд байв. Түүний хэрээр уул уурхайн хөрөнгө оруулагчид Монголыг анзаарч эхэлсэн, дагаад барууны техникүүд дөнгөж нэвтэрч байлаа. Ийм мөчлөг дундуур 1998 онд С.Энхтуяа 18 жил ажилласан Геологи эрдэс баялгийн хүрээлэнгээсээ гарч, шинэ аялал эхлүүлжээ. Төрийн байгууллагаас хувийн хэвшил рүү, судалгаанаас үйлдвэрлэл рүү, хотоос хөдөө рүү шилжив. Цаасан дээр хийдэг бүхнээ уурхай дээр бодитоор хэрэгжүүлэх шинэ ажил, шинэ орчин хүлээж байлаа. Геологи эрдэс баялгийн хүрээлэн бол тухайн үеийн шилдэг сэхээтнүүд ажилладаг, хүчин чадал өндөртэй газар. С.Энхтуяа Эдийн засгийн сектор буюу хүмүүсийн ярьдгаар техник эдийн засгийн үндэслэлийн группт, С.Авирмэд докторын удирдлага дор ажилладаг. Энэ групп тухайн үедээ Монгол Улсын хэмжээнд ТЭЗҮ хийж байсан цор ганц баг юм. Өнөөдрийн ашиглаж буй болон ашиглалтад бэлтгэгдсэн 80 шахам уурхай, ордын ТЭЗҮ-г тэд хийсэн. Бас алдарт “Алт” хөтөлбөрийн суурь боловсруулалтыг гүйцэтгэжээ. Гэвч олон хүний амьдралыг орвонгоор эргүүлсэн нийгмийн шилжилтээр эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хүндэрч, төсөл хөтөлбөрүүд хаагдан, хийх ажилгүй болж, цалингаа тавьж чадахгүйд хүрэв. Хүрээлэнг нь Геологийн хүрээлэнтэй нэгтгэхэд ТЭЗҮ-ийн групп татан буугдав. Тэднийг багаараа хүрээд ирээч гэх уурхай, компани цөөнгүй байлаа. Гэхдээ тэд Ц.Гарамжав дээр очихоор шийдэж. Тэд гэдэг нь С.Авирмэд доктор болон уулын инженер Б.Энхсайхан, баяжуулалтын инженер Ц.Туяа (Эрдэнэт үйлдвэрийн лабораторийн дарга асан, төрийн соёрхолт) нөөцийн тооцооллын мэргэжилтэн С.Энхтуяа дөрөв. С.Авирмэд гуайгаас бусад гурав нь Ц.Гарамжавтай дунд сургуулиас нэгнээ мэдэх нэг жилийн төгсөгчид, үе чацуутнууд юм. Санамсаргүй мэт боловч хувь тохиол шиг учралаар хорин хэдэн жилийн дараа тэд “Монполимет” дээр цугларчээ. “Монполимет” тэгэхэд тэр үеийн шинэ залуу уул уурхайн бизнесийнхэн юу туулж байсан бүгдийг туулан, өндийхдөө өндийж, бүдрэхдээ бүдэрч явж. Худалдаа наймаа ч хийсэн. Хайгуулд хамаг мөнгөө ч хийсгэсэн удаатай. Гэхдээ учраа олохгүй манарч явсан үеийг бодвол урдах зам харьцангуй тодорчихоод байв. Заамарт ажилладаг “Эрдэс” улсын үйлдвэрийн газрын хувьчлалаас 1 тонн нөөцтэй хэсгийг хувьчлалаар авч, эхний жилдээ 100 кг алт олборлочихсон. Өөрийн гэсэн ордтой болсноор компанийн байдал өчигдөртэй харьцуулах юмгүй дээрдээд байлаа. Ингээд багаараа Баянголын дэнжийн ордын ашиглалт дээр ажиллав. С.Авирмэд доктор уурхайн даргаар, С.Энхтуяа, Ц.Туяа хоёр уулын мастераар ажлаа эхлүүлжээ. 

Олон жил бичиг цаасан дунд “живсэн” бүсгүйчүүд уурхайн ашиглалт хариуцан ээлжинд гарахдаа айж халгаж байсан ч ажилдаа дороо дадав. Магадгүй тооцооллыг нь цаасан дээр хийгээд суудаг байсан болохоор тэгж амарсан зүгширсэн байх. Гэхдээ энэ баг Монполиметэд төдий л удсангүй. Амьдралын эрхээр, зарим нь хүсэл сонирхлоороо мөр мөрөө хөөн одоход С.Энхтуяа ганцаар үлдэж, нэгэнт сонгосон сонголтынхоо төлөө үнэнчээр зүтгэжээ. Математикч мэргэжлээр МУИС-ийг дүүргэсэн тэрээр бүх насаар уул уурхайд саатна, “Монполимет” гэх нэр овог шиг нь хамт дуудагддаг болно чинээ санаагүй бизээ. Сургуулиа төгссөнөөс хойш эдүгээ 42 дахь жилдээ уул уурхайн салбарт ажиллаж буйгаас сүүлийн 24 жилд нь “Монполимет”-д ажиллаж байна. Уулын мастераас уурхайн дарга, Үйлдвэрлэл эрхэлсэн захирал, 2012 оноос хойш Гүйцэтгэх захирал. Үндсэндээ 20 жилд нь хүн удирджээ. Толгойгоо гашилтал хийдэг байсан нөөцийн тооцоогоо үйлдвэрлэлд нэвтрүүлж, өдөр шөнөгүй ажилласан он жилүүд байв. “Уул уурхайд олон жил ажилласан болохоор тэр үү, машин техникүүд бүрэн, жигд ажиллаж байхыг харах хэчнээн гоё гэж санана” гэж хэлтлээ ажилдаа шунан дурласан өдрүүд байлаа. С.Энхтуяа захирал заримдаа бүрэг гэмээр энгүүн даруухан хүн. Өөрийнхөө талаар ярих, дөвийлгөх дургүй. Ажлаа, компаниа л ярина. Би гэхгүй бид гэнэ. “Хүрээлэнгийнхэн маань намайг яаж ийм олон хүн удирддаг юм бол гэж гайхдаг байж магад. Гэхдээ “Монполимет” бол хамтын хүч, хөдөлмөр. Нэг зүйл хийнэ гэвэл бүгд дайраад ордог тийм хамт олон. Зөв зохион байгуулж чадвал ямар ч ажлыг хийж чадна. Манайхан, та биднийг амьд хүн л битгий хий гэж хэлээрэй. Бусдыг нь бид хийж чадна гэдэг юм” гэж инээмсэглэн ярилаа. УИХ, Засгийн газраас 4 удаагийн тогтоол, шийдвэр гарч байж Тосонгийн орд эдийн засгийн эргэлтэд орсон тухай, драг ашиглах шийдэл гарсныг, драг битгий хэл машин ч авах нь бэрх үед гаднаас хөрөнгө оруулалт татах гэж хоёр жил болсныг, Японы “Иточу” корпораци зээл өгснийг, оросуудтай хамтран драг байгуулж ашиглалтад оруулсныг, ТЭЗҮ-ээр 6 жилийн дараа үр өгөөжөө өгч, хөрөнгө оруулалтаа нөхөх байсан ч тооцоолоогүй зүйлс гарсныг, 2006 оны “Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хууль”, 2009 оны “Урт нэртэй хууль” гарснаар ТЭЗҮ-ээрээ явах аргагүй болсныг, эхний нөхөн сэргээлтийн ажлуудаа, Тосон нуурын тухай, жил бүр зорин ирдэг хос хун, 100 жилийн ойгоор нь Заамарт байгуулах цэцэрлэгт хүрээлэн гээд уулзах бүрт тэр ажлаа л ярьсан. Ингээд бичихэд хэдхэн өгүүлбэр хэдий ч энэ бүхэн түүний гар бие оролцон хийсэн ажлууд нь. Нэгэн үеийнхний залуу идэр насны эрч хүчээр бүтээж босгосон бүхэн. Бас компанийн хөгжил хэрхэн урагшилж ирсэн түүх юм. Жижигхээн алтны уурхайгаас уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын үндэсний үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч компани болон өндийсөн “Монполимет”-ийн өчигдөр. Монголын уул уурхайн нэгэн зурвас үеийн тод тусгал билээ. Эхэндээ уурхай дээр нэг насос эвдэрсэн ч Монполиметийнхэн бүгдээр явдаг, хамтраад хийдэг, тогооч нар нь цай хоол бариад хаа байгаа газар нь яваад очдог байж. Бүгдийг өөрсдөө хийнэ, ханцуй шамлаад орно. Дарга цэрэг гэхгүй, нэг ч хүн үлдэхгүй. Ингэж л тэд хөдөлмөрлөжээ. Гэхдээ үргэлж шулуун дардан замаар явсангүй. Барууны үнэтэй тоног төхөөрөмж лизингээр аваад зээлээ төлж чадахгүй хураалгаад эзэн нь асгартлаа уйлсан. Бас хамтарч ажиллаач гэсэн компанидаа хууртан, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө завшуулж, алдаж хохирсон түүх ч бий. 2001 онд Монполиметийнхэн Заамарт хажууд нь олборлолт явуулдаг байсан алтны томоохон компанид “хулхидуулж”, хэдэн жил шүүхээр яваад ч эрх мэдлийн өмнө хүчин мөхөстөж. Тэр үед С.Энхтуяа захирал цөхөрсөндөө анх удаа эмэгтэйчүүд болохоор ингэж дээрэлхэж байна гэж боджээ. Гэхдээ энэ нь хүйсээр дорд үзсэн гэхээсээ хууль журмын цоорхойг ашиглаж, хэнэггүй завшигч эрх мэдэлтний үйлдэл байв. “Тэр үед Гармааг үнэхээр биширсэн. Баргийн эмэгтэй давж гарахааргүй сөхөрчихөөр хүнд хэцүү байсан. Ямар гайхалтай тэсвэр тэвчээр, нугаршгүй хатан зоригтой, уужим хүн болохыг тэгэхэд илүүтэй мэдэрсэн санагддаг. Бас сайхан хамт олонтой байхад бүгдийг даваад гардаг. Манай залуучууд яг л гал дөл шиг болчихсон. Бүгдийн нүдний өмнө хууль бусаар бусдад юмаа алдах үед өөрийн бүхнээ өмгөөлж хамгаалах халуун сэтгэл хүмүүсийг нэгтгэдэг юм билээ” гэж хуучлав. Хууртагдаж хаширсных нь ул мөр одоо ч Монполиметийнхэнд үлдэж хоцорчээ. Тэр нь хэн ч, ямар ч сайхан санал тавьсан орд дээрээ хамтарч ажиллахгүй гэх хатуу зарчим.

УРСГАЛ СӨРСӨН ЗОРИГ

“Монполимет” бол үргэлж эмэгтэй удирдагчийн манлайлал дор явж ирсэн компани. Эр хүний удирдлага, залуураар явах ёстой мэт ойлгодог, эрэгтэй нүүр царай харж дассан уул уурхайн салбарт анх зориглон эмэгтэй хүн уурхай байгуулсан. Эмэгтэйчүүд уул уурхайн компани удирдсан. Эмэгтэйчүүд уурхайн дарга хийсэн. Эмэгтэйчүүд удирдан үйлдвэр байгуулсан. Зорьсныхоө төлөө хүнд бэрхийн дундуур цэх шулуун алхсан, урсгал сөрсөн. Монголын эрдэс баялгийн салбарт өнөөдөр олон эмэгтэй удирдах түвшинд ажиллаж эхлээд байна. Гэхдээ “Монполимет” шиг эмэгтэйчүүд бүхнийг тэгээс гардан эхлүүлсэн нь хараахан үгүй. Ийм нэгэн содон түүхийн эзэн болж, эмэгтэй хүний хийж бүтээж болох бүхний талаарх тогтсон ойлголтыг эвдэж, тэлсэн энэ хоёр эмэгтэйн нэг нь одоо группийнхээ Зөвлөх, нөгөө нь Гүйцэтгэх захирал. Жаргал зовлонгоо хуваалцаж сурсан, хагас үгнээс л ойлголцох хоёр эмэгтэйг нэгтгэдэг зүйлс ажлаас гадна гоёж гоодох зангүй эршүүд маягийн түс тас зан араншин, сонирхол нь байх. “Хоёулаа энэ олон жил хамтдаа ийм сайхан явсан юм чинь насны хязгаар хүртлээ хамт шүү, хамт ажиллана шүү” гэж Гармаа хэлдэг юм хэмээн С.Энхтуяа захирал ярьсан. “Гэхдээ мэдээж хэрэг аажим аажмаар удирдлагаа шилжүүлнэ, заримаас нь өгөөд байгаа” гэж дараагийн төлөвлөгөөгөө хуваалцав. С.Энхтуяа захирал саяхан тэтгэврээ тогтоолгожээ. Нийгмийн даатгалын байцаагч түүнд, та амьдралдаа хоёр л газарт, ямар ч тасалдалгүй ажиллажээ. Анх удаа л ийм бичиг баримттай хүнтэй таарч байна. Тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай бичиг баримт хөөцөлдөх, бүрдүүлэх ямар ч асуудал алга хэмээн гайхах магтах хослуулжээ. 

Нэг ч тасалдалгүй гэхээр чөлөө ч авч байгаагүй хэрэг үү гэж эргэлзэнгүй асуухад минь мэдэхгүй юм даа, тэгж л таарсан юм байлгүй, ямар ч байсан тийм бүртгэлтэй байна гэсэн гээд цайлганаар тас тас инээв. Монголын компаниудын философи, соёл нь ихэнхдээ удирдагчийнхаа зан чанар, зарчим хандлагаас ихээхэн хамаарч тогтож төлөвшин байх шиг санагддаг. Түүний илрэлийг “Монполимет”-ийн цөөнгүй жишээнээс харж болохоор. “Монполимет”-ийг бусдаас ялгаруулдаг тэр чанар, онцлог юу вэ гэж С.Энхтуяа захирлаас асуухад “Бүгдийг ном журмаар нь, үнэнч шударгаар хийдэг. Амласан, хэлсэн ярьсандаа заавал хүрдэг хариуцлагатай чанар” гэж эрсхэн хариулсан. Эмэгтэй хүний л нүдээр уул уурхайг харсан тэд Заамарт хамгийн анх нөхөн сэргээлт эхлүүлсэн. 1996 онд Заамарыг яаж ухах вэ гэх уралдаан өрнөж байснаас биш мод тарья гэх сөхөө хэнд ч байсангүй. Үгүй яахав, хэдэн эмэгтэйн зөн мэдрэмжээрээ хийсэн ажил гэх тоомжиргүй хандлагын дор энэ ажил ямх ямхаар урагшилсаар өдгөө Тосон гэх үзэсгэлэнт нуур гол ус хорогдон буй энэ цагт Монгол Улсын цэнгэг нуурын жагсаалтыг нэгээр нэмсэн нь бодитой билээ. “Монполимет”-ийн нэг онцлог ажиллагсад нь тогтвор сууршилтай ажилладаг. Энэ нь хүний нөөцийг сайн удирддаг эмэгтэй удирдлагуудтай холбоотой гэх үгийг нэг бус удаа сонсож байв. С.Энхтуяа захирлыг ажиллагсад нь хүн төвтэй ажилладаг, ажилтнуудынхаа ахуй амьдралыг сайн мэддэг, хүнээ боддог гэж үнэлдэг. Тэргүүн эгнээнд нь үргэлж бүсгүй хүн явсан, одоо ч мөн хэвээр энэ компани эмэгтэй хүнд байдаг нөөц бололцоо, давуу талыг түлхүү харж, тэр хэрээр итгэл найдвар хүлээлгэсээр иржээ. 30 жилийн өмнө уул уурхай дахь жендэрийн тэгш байдлыг хангах гэж бизнес хийгээгүй нь мэдээж хэрэг. Байгаа нөөцөө тогтвортой байлгах, эхлүүлсэн төслөө дуусгах гэж л мэргэжлийн түвшинд зүтгэсэн хүмүүс. Гэхдээ энэ нь явсаар уул уурхайн компанийн засаглалд тогтвортой байдал гэх ойлголтыг гүн суулгаж өгсөн гэж болохоор. Тууштай, найдвартай, итгэлтэй гэх үгээр уулзсан бүхэн тодотгосон С.Энхтуяа захирлын суурь төлөвшилд гүнзгий нөлөө үзүүлсэн хүн аав нь болов уу. Их сургуулийн анхны төгсөгчдийн нэг, хөдөө аж ахуйн мэргэжилтэн Санжжав гуай бас л олон ажил солиогүй нэгэн. Насаараа Төв хороо, Төлөвлөгөөний комисст ажилласан. Төв хорооноос Төлөвлөгөөний комисс салахад хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ суужээ. Аав нь даруу төлөв, дэг журамтай, зарчимч, хийх юмаа мэддэг, түүнийгээ ягштал гүйцэтгэдэг хүн байж. Олон зангүй, орж гарах дургүй. Яг л С.Энхтуяа захирал шиг.

Аав нь үргэлжид түүний баттай ар тал байж ирсэн. Ээжийгээ эрт алдсан гурван хүүхдээ хайр халамжаар дутаахгүйн зэрэгцээ үнэнч шударга, ажилч хичээнгүй болгон хүмүүжүүлэх амаргүй. Санжжав гуай онц сурдаг том охиноо Орост төгсөж ирсэн математикийн багшаасаа математикч болох мөрөөдөл тээж, МУИС-ийн математикийн ангид элсэхэд ч, хүрээлэнд ажиллахад нь ч, Монполиметэд орж, хөдөө хөхөрч, гадаа гандах сонголт хийхэд ч олон таван үг хэлээгүй, ар талд нь байнгын найдвартай түшиг тулгуур болсоор ирж. Ардаа ийм бат нөмөр түшигтэй болохоор үр хүүхдээ өсгөх, ар гэртээ санаа зовох харьцангуй бага байсан нь С.Энхтуяа захиралд олон зүйлд сатааралгүй, зөвхөн ажлынхаа төлөө үнэнчээр зүтгэх цаг хугацаа, боломж бололцоо бүгдийг өгсөн хэрэг. Харин “Монполимет”-ийн хувьд С.Энхтуяа захирал яг л аав шигээ ямагт нэг зангаар, найдвартай түшиг тулгуур нь байсаар ирж. Эргэлзэх зүйлгүйгээр ажил даалгаж болдог, аваад гардаг тийм итгэлтэй нэгэн. Түүний амьдрал тэр чигтээ ажил байсан, одоо ч тийм. Үргэлж инээмсэглэж явдаг шавилхан биетэй энэ эмэгтэйг уйгагүй хөдөлмөрч, үнэнч шударга зан, тууштай зарчимч чанар нь өнөөдрийн энд авчирчээ. Уул уурхайн салбарынхан түүнийг ажлын төлөө төрсөн хүн гэдэг. Хамт олон нь хамгийн итгэж болох найдвартай хүн гэсэн. Найз нөхөд нь түүнд байдаг ховорхон гайхамшигтай чанарыг туйлын үнэнч шударга байдал гэж тодотгосон. Хүлээсэн үүрэг хариуцлагадаа үнэнч байна гэдэг одоо цагт их ховордсон хүний эрхэм чанар юм. Уйгагүй хөдөлмөрч, үнэнч шударгыг эрхэмлэж ирсэн нь түүнийг мянга гаруй хүнтэй том группийн удирдагчаар нүүр бардам ажиллаж, хүндлэл хүлээх эрхийг өгчээ. “Уул уурхайн салбарын эмэгтэй CEO” цуврал хөрөг нийтлэлийн төсөл хэрэгжүүлэхээр болж, редакциараа ярилцан, компанийн эмэгтэй CEO нарын нэрс зоож суухдаа хэнээр эхлүүлэх вэ гэдэгт бүгд С.Энхтуяа захирал дээр санал нэгдсэн билээ. Тэр Монголын уул уурхайн салбар дахь эмэгтэй CEO нарын хувьд яах аргагүй пионер нь. Монголд шинэ цагийн уул уурхайн бизнесийг удирдан хөтөлж, өнөөгийн үндэсний томоохон групп болох эх суурийг тавигсдын нэг. Монгол орны хөгжлийн хамгийн ээдрээтэй шилжилт өөрчлөлтийн зурвас үеийг бүтээлцэгсдийн нэгэн. Нөр хичээнгүй зүтгэл, шударга үнэнч хөдөлмөрөөрөө “Монполимет” группийн Гүйцэтгэх захирлын өндөрлөгт хүрсэн эмэгтэй. Одоо ч ажлын өдрийн цаг бүрт үнэнчээр хөдөлмөрлөж яваа завгүй захирал юм. 

Майнинг Инсайт сэтгүүл 2022, №10 (011)