2025 он гарснаас хойш эхний 9 сард 16.3 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжсан байна. Нийт арилжааны 74 хувийг нүүрс, 25 хувийг төмрийн хүдэр, баяжмал, үлдсэн хувийг хайлуур жонш, зэсийн баяжмал эзэлж байна.
Өнгөрсөн есдүгээр сард 3.6 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжсанаас
- Нүүрс 3.5 сая тонн,
- Төмрийн хүдэр, баяжмал 125 мянган тонн,
- Хайлуур жонш 6630 тонн,
- Зэсийн баяжмал 4530 тонныг тус тус эзэлж байна.
Есдүгээр сард он гарснаас хойших нийт арилжааны 22 хувь явагдсан байна.
Наймдугаар сартай харьцуулахад өнгөрсөн сард нүүрсний арилжаа тогтмол буюу 3 сая тонныг давсан бол төмрийн хүдэр, баяжмалын хэмжээ бараг 90 хувиар буурч 125 мянган тоннд хүрсэн.
Өнгөрсөн сарын арилжааны голлох жинг "Эрдэнэс Тавантолгой" ХК бүрдүүлсэн. Тус компани 2.6 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжсанаас эрчим хүчний нүүрс (битумт, үл барьцалдах нүүрс), 1/3 коксжих нүүрс гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн нийт биет хэмжээний 88 хувийг бүрдүүлсэн байна.
Өнгөрсөн сард "Мөнх Тэнүүн Оргил" ХХК баяжуулсан коксжих нүүрс гэсэн нэг төрлийн бүтээгдэхүүнээр биржийн арилжаанд оролцох болсон. Тус компани нэг удаагийн арилжаагаар 20 багц, 128 мянган тонн нүүрс арилжжээ.
Мөн "Хангад Эксплорэйшн" ХХК баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс гэсэн нэг бүтээгдэхүүнийг өнгөрсөн сард шинээр арилжаанд оруулж, 5 удаагийн амжилттай арилжаагаар 96 мянган тонн нүүрс арилжсан байна.
Өнгөрсөн сарын сүүлийн өдөр буюу 30-нд есдүгээр сарын нийт арилжааны 1/3 нь явагдсан байна.
Оны хоёрдугаар хагас буюу зургаадугаар сараас хойш гурван сарын хугацаанд нийт биржийн арилжааны 68 хувь нь арилжигджээ.