Anglo American нүүрсний салбараас гарч, Teck Resources-тэй нэгдэнэ

Э.ОД

Anglo American компани Австрали дахь коксжих нүүрсний уурхайгаа Их Британид төвтэй уул уурхайн Dhilmar компанид нийт 3.88 тэрбум ам.доллар хүртэлх үнээр худалдахаар болсноо даваа гаригт зарлажээ. Ингэснээр нүүрсний салбараас гарч, Канадын Teck Resources компанитай хийхээр төлөвлөж буй нэгдлийн өмнө бүтэц, үйл ажиллагаагаа илүү хялбаршуулж буй аж.  

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй Anglo American нь Австралийн Куинслэнд мужийн Боуэн сав газар дахь уурхайгаа худалдах бөгөөд энэ бүс нь дэлхийн хамгийн том гангийн нүүрсний бүс нутагт тооцогддог.  Тус компани Teck Resources-тэй нэгдэхээсээ өмнө үндсэн бус хөрөнгөө худалдаж өрөө бууруулахаар эрмэлзэж байна. Улмаар Канадын компанитай нэгдэж зэсийн үйлдвэрлэлд төвлөрсөн томоохон компани болох зорилттой.  

Anglo American нь нүүрсний уурхайгаа худалдах хэлцлээр 2.3 тэрбум ам.долларыг бэлнээр, коксжих нүүрсний үнээс хамааран 1.58 тэрбум ам.доллар хүртэлх орлого олох боломжтой аж. Энэхүү орлогыг өрөө бууруулахад зарцуулна гэж мэдэгджээ. 

Компанийн Гүйцэтгэх захирал Дункан Ванблад "Энэхүү хэлцлээр бид гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний бизнесээс бүрэн гарч байна" гэж мэдэгдэлдээ дурдсан байна. 

Өнгөрсөн жил Peabody Energy нь Австрали дахь Anglo-ийн коксжих нүүрсний хувьцааг 3.78 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьж байсан ч үнийн тохиролцоонд хүрч чадаагүй тул хэлцлээс татгалзсан.  

Dhilmar-ийн тухайд Канадын уул уурхайн хувийн компани бөгөөд гол төсөл нь өнгөрсөн жил Newmont-оос худалдаж авсан алтны Элеонор уурхай юм.